Цаг үеийн мэдээ

Арабын нэгдсэн Эмират улсаас Никарагуа улсыг чиглэсэн Леженд Эйрлайнсын Эйрбус А340 загварын тусгай нислэгийн онгоцыг шатахуунаа сэлбэхээр Францын нисэх буудалд газардсаны дараа хоёр хоног саатуулжээ. Уг онгоцонд хүний наймааны хохирогчдыг тээвэрлэсэн байж болзошгүй гэж үзсэн байна. 

Эйрбус А340 загварын онгоцонд Энэтхэгийн 246 иргэн зорчиж байсны 25 нь орогнох хүсэлт тавьсны дагуу Франц улсад үлдээжээ. Бусад зорчигчдыг тээвэрлэсэн онгоц Энэтхэг улсад газардсан байна. Францад үлдсэн 25 хүний дунд насанд хүрээгүй хоёр хүүхэд байжээ. 

Мөн уг хүний наймааны гэмт хэргийг зохион байгуулсан байж болзошгүй хоёр этгээдийг Франц улсад саатуулсан ба хэргийн мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна. Францын шүүх хоёр сэжигтнийг баривчлалгүй үлдээжээ. 

Орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө Леженд Эйрлайнсын онгоцыг Мумбайд газардуулсан байна. Францын цагдаа нарт Эйрбус А340 онгоцонд хүний наймааны хохирогчдыг тээвэрлэж байж болзошгүй гэсэн нэрээ нууцалсан мэдээллийн дагуу Парисаас 130 км орчим зайд байдаг Шалонс-Ватри нисэх буудалд онгоцыг шатахуунаа дүүргээд эргээд нисэхэд нь ийнхүү саатуулжээ. 

Онгоцонд байсан зорчигчдын ихэнх нь Арабын нэгдсэн Эмират улсад ажилладаг Энэтхэгийн иргэд байсан ба тэдгээрийн 30 гаруй хувь нь Энэтхэгийн Гужарат мужаас ирсэн байна. Францын эрх баригчдын мэдээлснээр тэдгээр иргэд АНУ эсхүл Канад руу дүрвэхээсээ өмнө төв Америкийн Никарагуа улсад газардах гэж байжээ. Уг онгоцыг чухам яагаад товлосон чиглэлийн дагуу Никарагуа руу нисгэхийн оронд Мумбайд газардуулсан нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC.com