Цаг үеийн мэдээ

Монгол Улсын 20 дахь аварга С.Мөнхбатын үүсгэн байгуулсан Спортын сэргээн засал уламжлалын эмчилгээ, гэмтэл, лаборатори, оношилгооны Альфа медикал сэргээн засах төв эмнэлгийн удирдлагууд нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. 

Монгол Улсын аварга С.Мөнхбат бөхийн хамт олныхоо дундаас ид барилдаж байгаа болон эмчилгээ, оношилгоо шаардлагатай байгаа ахмад бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд, Монгол бөхийн өргөөний үйлчилгээний ажилтнуудаас  нийт 20 хүнийг эмчийн үзлэг, иж бүрэн шинжилгээ, MRI, өдрийн эмчилгээ зэрэг 1,5 сая, нийт 30 сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээг жил бүр үнэ төлбөргүй үзүүлнэ. 

Улсын аварга С.Мөнхбат нэр бүхий 8 барилдаанд тавын даваанд тунан давсан найман бөх, оношилгоо, эмчилгээ шаардлагатай байгаа 50-аас дээш насны ахмад 8 бөх, жаяг дэгийн багийн 2 гишүүн, үйлчилгээний ажилтнуудаас мөн 2 хүнийг дээрх эмнэлгийн үйлчилгээнд хамруулах санал гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.