Цаг үеийн мэдээ

БТСГ-ын дарга, МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од АНУ-ын зүүн Вашингтоны их сургуульд суралцах албан ёсны санал хүлээн авахаар болсон байна.  Энэ талаар МУГТ Ц.Шаравжамц өөрийн фэйсбүүк хуудсандаа “Ирэх долоо хоногт АНУ-ын “Eastern Washington University” суралцах Энхүүлэйгийн анхны албан ёсны санал ирэх нь ээ. Энэ сургуульд би 1998 онд суралцангаа алдаад больсон юм. “Азарганы хүрээгүйд унага хүрдэг. Аавын чадаагүйг хүү нь гүйцээдэг” гэдэг. Аав нь маш их баяртай байна. Өөр “Baylor University” болон “Ohio State University” гэсэн хоёр ч их сургуулиас сонирхож байгаа. Цаашид өөр их сургуулиудаас санал ирнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хүү мундаг шүү. Зүтгээд л байгаарай” гэжээ. 

Ш.Энхийн-Од өнгөрөгч зургадугаар сард зохион байгуулсан "FIBA 3×3 U18 World Cup"-д амжилттай оролцсон ба наймдугаар сарын 12-18-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан өсвөрийн шилдэг тамирчдын Ази тивийн цугларалтад Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон байна.

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Энхийн-Од Монгол Улсад зохиогдсон 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д Монголын багийн лидер тоглогчоор нэрлэгдээд зогсохгүй, дэлхий дахинаа ямар чадварлаг тоглогч гэдгээ харуулаад амжсан билээ. Түүний өндөр 2.01 метр, жин 75 кг бөгөөд АНУ-ын Огайо мужийн Дэйтон хотын “Legacy Christian Academy” хувийн сургуульд тэтгэлгээр суралцдаг.  Түүний мөрөөдөл бол Монголоос NBA-д орсон анхны тоглогч болж, АНУ-д амжилт гаргах юм.