Цаг үеийн мэдээ

Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, хэрэгжилтийн талаар хэлэлцэн, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулан танилцуулах, уг асуудлыг олон улсын түвшинд хүргэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр захирамжаар байгуулсан.

Тус ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Стандарт нь бүх салбарт хэрэгждэг, хэрэгжилтийн үр дүн нь хүн амын амьдралын чанарыг сайжруулах, үндэс суурь нь учраас Монгол Улсын Засгийн газрын зүгээс стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарал хандуулж байна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг салбар тус бүрийн төлөөллийг оролцуулан хийж гүйцэтгэх ажлыг эхлүүлээд байна” гэлээ. 

Хурлын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан Стандартчилал, Хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүнд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалын төслийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн дотор боловсруулах, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг Олон Улсын жишигт нийцүүлэх, Зөвшөөрлийн тухай хуультай уялдуулан нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал авах, хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор зохион байгуулахыг ажлын хэсгийн гишүүдэд, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэгтгэн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Дэд ажлын хэсгээрээ хэлэлцүүлэх, Дэд ажлын хэсгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулж, хуулийн төслийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор ажлын хэсэгт танилцуулахыг үүрэг болголоо. Мөн ажлын дэд хэсэгт оролцож буй албан хаагчдыг ажиллах нөхцөл, бололцоогоор хангаж, гүйцэтгэлд нь тухай бүр хяналт тавьж ажиллах, тохирлын үнэлгээний байгууллагуудыг шинээр бий болгох, бодлогоор дэмжих тодорхой төлөвлөгөө гарган танилцуулахыг ажлын хэсгийн гишүүдэд тус тус үүрэг болгов.