Цаг үеийн мэдээ

Монголчууд дэлхийд хамгийн хямдхан биш Америк, Герман баян орнуудаас 3 дахин үнэтэй гурил идэж байна. Ядуу Монголд орон гэр, оочих аягагүй иргэндээ сард 1500 доллар, 5 сая гаруй төгрөгийн тэтгэмж өгдөг баян улсуудаас 30 хувь биш 300 хувиар үнэтэй гурил идэж байна. Хөдөөгийн олон хүүхэдтэй айл 3 кг боорцог хайрах байсан бол 2 кг-ыг нь гурилын мафид хураалгадаг. Гурав дахин үнэтэй гурилын үнэ бол талхны үнэ болж хувирдаг. Таваг цуйванг салатны жижигхэн дийз, айргийн шаазан дүүрэн гурилтай шөлийг цайны аяга шиг болгож дундалдаг, зүсэм талхыг гэрэлтэхээр нимгэлж орхидог гурилын монополын шунал Таны цалин, Таны хоолыг идчихдэг юм. Бууз, хуушуур, бантан, гамбир, гоймон, хүүхдийн кааш, гээд гурил ороогүй хүний хоол, өвс тэжээл, хивэг гээд малын тэжээл ч ховор  шүү дээ. Монгол хүн бүрийн цалин, тэтгэврийг цаас болгон хумсалж, монгол төгрөгийн ханшийг унагадаг инфляц гэгчид гурилын үнэ дангаараа 15-20 хувийн нөлөөтэй. 

Гурилын үнэ дөрвөн жилд 2 дахин нугарч, дэлхийн зах зээлийн ханшаас 3 дахин үнэд орсон нь гарын таван хуруунд багтах таван гэр бүлийн үгсэн хуйвалдаан, дангаар ноёрхох дархан тусгай эрх эдэлсний үнэтэй төлбөр юм. Тэд нүүр өгөхөөр бөгс өгдөг. Сүүлийн гурван жилд тэдэнд 100 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, Засгийн газар буюу татвар төлөгчид бид хүүгийнх нь 14 хувийг төлж, гадаадын гурилд хилийн хориг тавьж дэмжсэнийхээ хариуд авсан бэлэг нь 2 дахин нугарч өссөн үнийн хөөс. Бид гурил идье гэж дэмжсэн ч хариуд нь хөөс авсан. Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дэлгэсэн тоо баримтуудыг харъя. 2019 онд кг нь 1142 төгрөг байсан 1-р гурил өнөөдөр 2426 төгрөг. Хил алхаад л Хиагтад орос 1-р гурил кг нь 935 төгрөг байхад  энд 2426 төгрөг. Орос гурил гааль, НӨАТ-ын 15 хувийн татвар төлж, тээвэрлэж зөөвөрлөж авчирсан өртөг зардал, олох ашгаа шингээгээд 50 кг-ын шуудай нь Увсад 78 мянга. Монгол гурил 50 кг-ын тампуутай 120-140 мянга. Өрсөлдөөн хаалттай, сонголт байхгүй учраас гурилынхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжих төр засаг, түмэн олны хүслийг гурилдаад хаячихдаг. Улсын гурилын комбинатыг 600 сая төгрөгөөр хувьчилж авсан П.Цэнгүүн гэгч та нар торгууль тавьсан ч бид үнээ нэмээд хохирлоо барагдуулчихна гэж зарлаж чаддаг нь намайг хэн хэлхэв, нохойг хэн саахав гэдэгчлэн чөлөөт өрсөлдөөнийг хааж боосны гор юм.   Сүүлийн 7 жилд импортын гурил зах зээлд 0,7-5,5 хувийг нь л эзэлж байсан. Зах зээлд импортын гурил  10 кг тутамд 7-500 грамм эзэлсэн нь тампуу сэгсрэхэд пургих үртэс төдий байсныг сайд Д.Амарбаясгалангийн танилцуулгаас мэдэж авлаа. 2023 онд Монголынх нэртэй монопол 5 гэр бүлийн үйлдвэрүүдийнх 191,3 мянган тонн, импортынх нь 11,1 мянган тонн. Хүн амын хүсэл хэрэгцээг хясан боогдуулан үнийн хөөргөдөл үйлдвэрлэсээр ирснийг л энэ тоонууд хэлж өгч байна.   

Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн жишээ болгосон, 8828 төгрөгийн үнэтэй “Шагшуур”-ын өртгийн 70 хувь нь гурил. “Шагшуур”-ын гурилаа ШАГ-аар биш чөлөөт өрсөлдөөний үр дүнгээр сонголттой нөхцөлд авч үйлдвэрлэсэн бол 5000 орчмоос хэтрэхгүй. Та сагсандаа “Шагшуур” аваад хийхэд 3000 төгрөг илүү төлөхгүй байх байжээ. Талх, нарийн боов, боорцог гэх мэт 12 төрлийн гурилан бүтээгдэхүүний ханшийг гурил тодорхойлдог, улмаар өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүний үнийн хөөс үүсдэг.

Монголд гурилын 58 үйлдвэр бий. Үүнээс гарын таван хуруунд багтах хэдхэн монопол үйлдвэр Монголыг эзэгнэж байна. Татвар төлөгчид зөвхөн үнэтэй талх, гурил идэж шулуулдаггүй. Татвар төлөгчид тэдний авсан зээлийнх нь хүүг төлж, 14 хувийг нь даадаг. Тэд өөрсдөө бол жилийн 6 хувийн хүү төлдөг. Гурилын 10 үйлдвэр  2021-2023 онд 101,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. Барагцаалбал гурилын үйлдвэрүүд 6 тэрбум, татвар төлөгчид 14 тэрбумын хүү төлсөн гэсэн үг. “ХААН” банкны Ц.Баатарсайханы “Улаанбаатар гурил”, төрсөн дүү Ц.Отгонбаатарынх нь “Од” групп нийлээд 45,5 тэрбум, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын шууд хамаарлын “Милл хаус” 24,6 тэрбум, АН-аас төвийн бүсэд УИХ-ын сонгуульд горилогч А.Батсуурийн “Өег гурил” 59 тэрбум, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны “Дорнод гурил” 10,5 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан.  Тоёота ланд машинаас Тоёо жорлон хүртэл зардаг Ц.Баатарсайхан дүүтэйгээ нийлээд Монголын гурилын зах зээлийн 70 хувийг баздаг. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үгсэн хуйвалдан үндэслэлгүйгээр үнэ өсгөснийг нь тогтоож торгуулийн хөндлөн зураастай акт бичдэг шүүх дээр очоод зарга заалхай нь сунжраад, 2 жил болж байна. “Алтан тариа”-г өөрөө босгоогүй ч өмчлөөд авчихсан, үнэндээ агуулахад нь байсан тарианаас ч бага үнээр хувийн болгосон гэгддэг П.Цэнгүүн даапаалж даажигнаж чаддаг нь монопол дархан эрхэндээ сагаж сагсайсных юм. Энэ хүн дангаараа гурилын зах зээлийн 20 гаруй хувийг хянадаг учраас түмэн олноо төр засагтай нь хамт дээрэлхэж байна. Бид үнээ нэмчихнэ гэж ил тод мэдэгдэх бяртай монополуудад таваг цуйван идэх бүрдээ сэгсрүүлж, талхаа нимгэлүүлж хасуулдаг.       

Д.Амарбаясгалангийн дэлгэсэн графикаас гурилын үйлдвэрүүд яаж сүүлийн 3 жилд зохиомол эрэлт үүсгээд үнээ өсгөж, ашиг хийснийг шууд харж болно. Зориуд хомсдуулаад, үнээ 2 нугалаад  өсгөчихсөн нь дөрвөн аргын тоо мэддэг, 4 дүгээр анги төгссөн хүнд ч илэрхий байна. Өртгийнх нь 80 хувь болдог улаанбуудайнх нь үнэ 24 хувь өссөн байхад гурил нь 2 нугарсан. Тариаланч Л.Цандэлэгийн хэлж буйгаар бол гурилын үйлдвэрүүд өөрсдийн лабораторидоо шинжилж, үнийг нь хямдруулаад, чадахгүй бол буцаагаад ачаад яв гэж тулгаж байгаад 500 -600 төгрөгөөр л авдаг. 700 хувийн ашигтай бизнес гэдэг өөрөө дэлхийд байхгүй гажиг. Гурилын үнийн өсөлтөөс тариаланчдад үртэс ч наалддаггүй. Ган, намрын хүйтэн бороо, байгалийн эрхшээл дор  хамгийн их эрсдэл үүрдэг тариаланчдын улаанбуудай нь дэлхийн зах зээлийн ханшинд л байна. Улаанбуудай нь гурилаасаа 7 дахин хямд. Улаанбуудайн үрээс гурил хүртэлх оролцогчдоос зөвхөн энэ таван үйлдвэр л өм цөм ашиг хийж амиатаад, тариаланчид, татвар төлөгчид бүгдээр хохироод үлддэг. Гурилын үндсэн түүхий эд улаанбуудай хаягдалгүй. Гурилын үйлдвэрүүд улаанбуудайг 500 төгрөгөөр аваад хаягдлаар нь малын тэжээлд зориулан гаргадаг хивгээ кг-ыг нь 770- 850 төгрөгөөр зардаг. Хаягдал нь улаанбуудайнаасаа ч үнэтэй. Улаанбуудайн хаягдлыг нь өөрөөс нь үнэтэй зарж, гурил хийгээд 7 нугална гэхээр монопол хэдэн үйлдвэрийг Монголоороо тэжээж хохирч байна. Зудад зутарсан малчны хотонд шуудай гурилыг 4 бүдүүн хониор солиход хүрч байгааг зүгээр хараад шулуулж л байг гэх эрх Засгийн газарт байхгүй. Ядуурсан малчин гэрээ ачаад хот руу нүүнэ гэдэг бол тэр хэрээр түгжрэл, яндан нэмэгдэж, ажилгүй хүн, сургуульгүй хүүхэд, оочроо даахгүй эмнэлгүүд улам хэцүүднэ гэсэн үг. Тариаланч Л.Цандэлэг нарын Төрийн ордонд түс тас хэлснээр гурилынхан аль хэдийн газар тариаланг татаад унагаачихсан. УИХ дахь МАН-ын бүлэг улаанбуудайгаа экспортод гаргах замыг нээхээр тохирсон байна. Экспортыг нь ч, импортыг нь ч нээх нь гурилын монополоос тариаланчид, иргэд хамт чөлөөлөгдөнө гэсэн үг. Тэд гурилын үйлдвэрийн аманд орж, хэмжээ хязгаартаа баригдахгүй, хүссэн хэмжээгээр тариалах боломжтой.    

Гурил, тэжээлийн татварыг хугацаа, хэмжээ заагаад оруулбал нөгөө хэд гурилаа үйлдвэрлэхгүй,  нам дараад, сэм нийлээд хүлээгээд суучихдаг учраас үнийн хөөсийг буулгах үр дүн гардаггүй. Импортын гурил орж ирсэн ч зах зээлд нийлүүлэлт нь нэмэгдэхгүй учраас тэр. Харин импортын татвар, босгыг хэмжээ, хугацаагүйгээр чөлөөлбөл 1-р гурил кг 1600, Атар талх 1800 төгрөгт хүртэл буухаар байна. Импортын татварыг хуульчлан тэглэхээс өмнө гурилын үнийн хөөсийг буулгах хэлэлцүүлгээс эхлээд зах зээлд хүчтэй дохио өгч, үүнээс хойш түүнээс цааш дураар чинь дургиулахгүй шүү хатуухан сануулга дуугарсан. 

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хариас гурилаар хараат бус байх нь онц чухал боловч гадаадын компаниудаас илүү дотоодын “монопол" илүү хортой байна. 

Хөнгөлөлт бүхнийг эдэлчхээд хүн ардаа хөдөө, хотгүй шулж, хүлээсэн үүргээ умартахыг чөлөөт эдийн засаг, үндэсний үйлдвэрлэл, бизнесийн ёс зүй гэж үзэх аргагүй. Би цалингаараа 3600-гийн биш 1200-гийн гурил идмээр байна. Би хямд гурил идэх эрхтэй. Таваг цуйван сэгсэрч идмээр байна. Таваг цуйван идэхдээ сэгсрүүлмээргүй байна.  

Б.МОНГОЛ