Цаг үеийн мэдээ

Гаднаа ямагт даруу бай, гайхуулах хэрэггүй

Дотроо тэнгэр мэт агуу бай.

Их найрагчийн шүлгийн дээрх хоёр мөр гал сөнөөгч-аврагч У.Ахытын мөн чанарыг бүрэн илэрхийлнэ. Тэр хамт олноо бороонд барьдаг шүхэр мэт нөмөрлөж, байгууллагадаа тооныг нь түших багана мэт бат түшигтэй ажилтан нь. Ажлыг бол яс хийнэ. Ямар сайндаа 20 жил ажиллахдаа нэг ч минут хоцорч үзээгүй гэсэн. Бүр нэг минут ч шүү.

Түүнийг залуу байхад хамтран зүтгэгчид нь “Харьшгүй” хэмээн хочилдог байв. Гал сөнөөгч бүрийн сонирхон хичээллэдэг гал унтраах олон төрөлт спортоор хичээллэж  байх үедээ тэр гэртээ харихаа умартан бэлтгэл хийдэг байснаас тэр. Ингэж хичээснийхээ хүчинд хүмүүс талбайг 10 тойроод ядардаг бол, Ахыт 20-30 тойрог өлхөн давдаг болж. Дурлан дурлан, хичээж зүтгэсэн спортдоо амжилт гарган дэд мастер, спортын мастер цолыг нь энгэртээ зүүж чаджээ. Ийм нэгэн тулхтай, өгөөмөр нинжин сэтгэлтэй эрийг Казах түмний үндэсний баяр Наурызыг тохиолдуулан Нематаймс буландаа урилаа. Түүнийг Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч У.Ахыт гэдэг.  Галаас аварсан хүүхдээ хоёр, гурван сарын турш эмнэлэгт тасралтгүй эргэж, эдгээгээд гэрт нь тэвэрч хүргэсэн аврагч-гал сөнөөгчийн бахархалт түүхээс хүлээн авна уу.

-Намайг Уалидолда овогтой Ахыт гэдэг. Ховд аймгийн Ховд суманд төрсөн. 1998 онд дунд сургуулиа төгсөөд Увсын хилийн цэрэгт цэргийн алба хаасан. Дээд мэргэжилтэй болох гэж ХААИС-д элсэж байлаа. Гэхдээ цэргийн хүн болох багын мөрөөдлөө дагаж сургуулиа хаяад Ховд аймгийн Онцгой байдлын хэлтэст анх аврагч-гал сөнөөгчөөр ажилд орсон. Тэр цагаас хойш тасралтгүй 20 жил ажиллаж байна. Эхнэр, 4 хүүхэдтэй. Том хүү маань Онцгой байдлын чиглэлээр суралцаж байгаа бол удаах хүү энэ жил дунд сургуулиа төгсөнө. Мөн л цэргийн хүн болох зорилготой бэлтгэл хийж байгаа. Манай гэр бүл ер нь спортод дуртай. Би хоёр том хүүтэйгээ уралдаад л байх нь тэр. Гал унтраах техникийн олон төрөлт спортоор тогтмол хичээллэж, улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр, Баруун бүсийн аваргад тасралтгүй долоон удаа амжилт үзүүлсэн. -Гал сөнөөгчийн ажил секунд, долиор хэмжигддэг. Тиймээс гал сөнөөгч хүн хурдан шаламгай, нямбай байх ёстой. Мөн гал унтраах олон төрөлт тэмцээнээр заавал хичээллэж бие бялдраа хөгжүүл гэж дүү нартаа байнга захьдаг. Шинэ залуу алба хаагчид маань надаас илүү байгаасай гэж чармайж мэддэг чаддагаа хүмүүст заагаад өгчих юмсан гэж хичээж явна. Намайг анх ажилд ороход ах нар ч биднийг ингэж  сургасан. Нэг удаа хамт ажилладаг Б.Нямдорж, Б.Базаррагчаа гээд хоёр ахтай галын дуудлагад явсан юм. Очоод түймрээ унтаачихаад намайг битүү утаатай амбаарт нуусан галын хошууг олж ир гээд гаднаас хаалга таглачихсан. Тэр үед надад утааны баг гэж байхгүй. Амаа нойтон алчуураар дараад л даалгаврыг нь гүйцэтгэж байв. Тэгж явж гал сөнөөгч болсон доо. -2013 онд айлын гэр шатаж байгаа дуудлагаар очиход дотор хүүхэд байгаа гэсэн. Гэрийг гаднаас нь цоожилсон байсан тул цоожийг эвдээд хаалгыг онгойлгонгуут л гал урдаас тургиж, монгол гэрийн тооно нурж унаж байв. Дүрэлзэх улаан гал дотор түүнийг хайж орон доороос олж энгэртээ тэврэхдээ “амьд л байгаарай” гэж дотроо би орилж байж билээ. Тэр үе надад хэзээ ч мартагддаггүй. Охиныг шууд агаарт гаргаж болохгүй учраас түргэн тусламж иртэл галын цогон дээр ус асгаж утсан. Миний амьдралдаа хийсэн зөв зүйлүүдийн минь нэг нь тэр байсан гэж боддог. Охин 80 хувийн түлэгдэлтэй, урт үстэй байсан боловч бараг бүгд шатаад эрэгтэй хүүхэд шиг харагдаж байлаа. Эмнэлэгт хоёр сар, дараа нь хагалгаанд орж нэг сар эмчлүүлсэн. Тэгэхэд би ээлжнээсээ буух болгондоо эргэж очдог байсан юм. Сүүлдээ эмч нар намайг андахаа байсан. 13 настай тэр охиныг эсэн мэнд эмнэлгээс гарахад би бүр хязгааргүй баярлаж ажил мэргэжлээрээ бахархсан. Тэр үед “Шударга журам” медалиар шагнуулсан нь Ховд аймгийн иргэдийн хувьд анхных байсан.

-Би хамт олондоо, хүүхдүүддээ хайртай гэдгээ хэлчихдэг юм. Харин эхнэртээ хэлж чаддаггүй үгээ үүгээр дайя. Миний эхнэр айлын ганц охин, гайхалтай ажилсаг бүсгүй. Үр хүүхдүүдээ өсгөж, ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэх боломжийг баттай бүрдүүлдэг, найдвартай ар тал минь. Чи минь намайг дэмжиж ойлгодоггүй бол би спортын амжилтад хүрэхэд бэрх байсан. Чамдаа маш их хайртай.

Хамт олондоо үргэлж баярлаж явдаг. Би 20 жил ажиллахдаа гурван даргатай ажиллалаа. Одоогийн дарга хурандаа Б.Алтанбадралт алба хаагчдынхаа ахуй амьдралд маш их анхаардаг. Алба хаагчдынхаа ажиллаж, амрах нөхцөл байдлыг шалгаж цэргийн амралтын байранд хүртэл хонож байсан. Үнэхээр мэдрэмжтэй удирдагч.  Эцэст нь албаныхаа үе үеийн ахмадуудад эрүүл энхийг хүсье. Онцгой байдлын алба  улам хөгжиж, мандан бадрах болтугай.