Монгол эмч нар зүрх шилжүүлэн суулгах анхны мэс засалд бэлтгэж, БНСУ-д суралцаж байна
Монгол Улсын гуравдугаар төв эмнэлгийн гурван эмч эх орондоо өмнө нь огт хийгдэж байгаагүй зүрх шилжүүлэн суулгах мэс заслын арга техникийг эзэмшихээр БНСУ-ын Инчон хотын “Сежон” эмнэлэгт мэргэжил дээшлүүлж байна.
Арваннэгдүгээр сарын 2-ноос 27-ны хооронд үргэлжлэх БНСУ-Монголын эмнэлзүйн сургалтын хөтөлбөрт зүрхний эмч О.Цогбадрах, зүрх судасны мэс засалч Б.Доржсүрэн, мэдээгүйжүүлгийн эмч Д.Наранцэцэг нар хамрагдаж байгаа бөгөөд тэд өнгөрсөн долоо хоногт тус эмнэлэгт хийгдсэн зүрх шилжүүлэн суулгах бодит мэс заслыг дэргэдээс нь ажиглах ховорхон боломж тохиожээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний эмч О.Цогбадрах The Korea Herald сонинд өгсөн ярилцлагадаа “Анх энэ мэс засал бүтэшгүй мэт санагдаж, итгэл найдвар бага байсан. Харин Солонгос эмч нарын удирдлага дор энд суралцсанаар манай улсад ч үүнийг хийх бүрэн боломжтой гэдгийг мэдэрлээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Мэс заслаас гадна хагалгааны дараах арчилгаа хамгийн чухал
Инчон “Сежон” эмнэлгийн Зүрх шилжүүлэн суулгах тасгийн захирал Ким Кён Хи монгол эмч нарыг титэм судас болон хавхлагын мэс засал хийх туршлагатай гэдгийг дурдаад, “Мэс засал нь өөрөө тийм ч хэцүү хэсэг биш. Харин хагалгааны өмнөх болон дараах өвчтөний хяналт, арчилгаа нь үүнээс дутахгүй, бүр илүү чухал байдаг” хэмээн онцолсон байна.
Сургалтын хүрээнд монгол эмч нар зүрх, уушгины үйл ажиллагааг орлох ЭКМО (ECMO) аппаратын эмчилгээ, дархлаа дарангуйлах эмийн хэрэглээ болон эд эрхтэн татгалзах эсэхийг шалгах шинжилгээний арга барилд суралцжээ. Зүрх шилжүүлэн суулгах хагалгааны дараа өвчтөн ердөө 4-5 хоногийн дотор эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжин эдгэрч буйг харсан О.Цогбадрах эмч “Яг л хүн дахин төрж байгаа мэт санагдсан. Монголдоо ийм тохиолдлуудыг харахыг хүсэж байна” гэжээ.
Багаар ажиллах ур чадвар ба Улаанбаатарт байгуулах шинэ төв
Зүрх шилжүүлэн суулгах 10 хүний бүрэлдэхүүнтэй багийн төлөөлөл болох эдгээр гурван эмч өөр өөр тасагт ажилладаг ч нэг дор, нэг баг болж суралцаж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Ким Кён Хи эмч “Ганц сайн эмч байснаар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болохгүй. Бүх баг яг л араа шүд шиг хоорондоо төгс уялдаж ажиллах ёстой” хэмээн тэмдэглэсэн байна.
Одоогоор монгол эмч нар Инчон “Сежон” эмнэлгийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Монголын нөхцөлд тохирсон зүрх шилжүүлэн суулгах эмнэлзүйн удирдамжийг эцэслэн боловсруулж байгаа бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлэгт Зүрх шилжүүлэн суулгах төв байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
Түүнчлэн уг хөтөлбөрийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гурван эмч Ёнсей их сургуулийн “Северанс” эмнэлэгт аарцгийн хөндийн хорт хавдрын нарийн мэс заслын чиглэлээр мөн суралцаж байгаа аж.
ТАТАР МАЙДАР







Эрүүл мэнд


