МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Эх орончдын өдөр” буюу Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Элгэн олон Монголчууд минь сайхан хаваржиж байна уу. Одоогоос 100 жилийн өмнө эх орон улс үндэстнийхээ эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эв саналаа нэгтгэсэн Монгол залуус МАН-ын тулгыг тулж галыг асаасан билээ. Улс төрийн ууган хүчин МАН өөрийн улс үндэстний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө хийх тэмцлээ эхлүүлж ард олноо эх үйлсэд уриалан дуудсан түүхэн өдөр.
МАН-ын 100 жилийн түүх бол Монгол улсын нэгэн зууны түүх. Ардын нам ард түмэнтэйгээ хамтдаа бүтээсэн аж үйлдвэр, атар газрыг эзэмшсэн, тээвэр холбоо, зам дэд бүтэц, гэрэл цахилгаан, эрүүл мэнд, нийгэм, соёл боловсрол, хөгжил дэвшлийн түүх билээ. Монгол улс өчигдөр, өнөөдөр, маргаашийн гурван цагийн алтан хэлхээн дээр өнө мөнхөд оршдог. Өнгөрсөн 100 жилийн түүхээ шүүн тунгааж, ирэх зуун жилийн түүхээ бүтээх алтан зааг дээр та бид хамтдаа зогсож байна. Бүтээснээсээ ихийг бүтээж шинэ түүх, шинэ зуун, шинэ цаг эхэлж байна.
МАН хиймэл оюун ухаан, ухаалаг технологи, аж үйлдвэрийн 4-р хувьсгал өрнөсөн дэлхийн хөгжилд Монгол улсаа хөл нийлүүлэх үүрэг хариуцлагаа ухамсарлаж байна. МАН-ын үзэл санаа, үнэт зүйлээ туг болгон чинээлэг, дундаж иргэн төвтэй сайн засаглал тогтооход үлгэрлэн манлайлахын төлөө шинэ түүхээ бүтээх болно.
Бүх гишүүдийн цахим бүртгэлтэй, цахим дэд бүтэцтэй нам болсон шинэчлэлээ эрчтэй, хүчтэй үргэлжлүүлэн ухаалаг ой санамжтай, цаг хугацаа, орон зайн саадгүй, гишүүддээ улам илүү нээлттэй цахим нам болохын төлөө хийх ажил хийснээсээ их байна. Хүний нөөцийн бодлого, ёс зүйн хяналт, хариуцлага, санал гомдол, санхүү бүртгэл нь шилэн нам болж буйгаа улам ахиулан ажиллах болно.
Шинэ зуун жилд МАН алсын хараатай бодлогын нам байж улс төрийн бусад хүчнүүдээ үлгэрлэн манлайлж ажиллана. Цаг үе, нийгэм, эдийн засгийн аливаа бэрхшээл сорилтыг хамтдаа даван туулж, хийснээсээ ихийг хийж, бүтээснээсээ илүүг бүтээх болно. Өвөг дээдсийнхээ өв уламжлалыг алдалгүй сахиж, улс орноо хөгжил дэвшилд хөтөлж ажиллана. Шинэ зуун жилийн шинэ бүтээн байгуулалт шинэ түүхээ ард түмэнтэйгээ хамтдаа бүтээцгээе. Даяар монголын ариун орон минь, дархан манай улс мандан бадартугай!
Эрх чөлөөт омог бардам Монгол хүн танд МАН үүсгэн байгуулагдсаны түүхт ойн баярын мэнд хүргэе" гэлээ.
АДМИН







Нийгэм




