Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хэсэгчилсэн хуралдаан өнөөдөр /2021.03.22/-ны 15:00 цагт боллоо.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг аймгийн Шуурхай штабаас оройн 17:00 цагт иргэдэд мэдээллээ.
Энэ сарын 23-ны өглөөний 06:00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буурах хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот болон бусад коронавирусийн халдварын голомт бүртгэгдсэн /шар, улбар шар зэрэгтэй/ бүс рүү зорчих Дарханы харьяат иргэдийн хөдөлгөөнд түр хугацаанд хязгаарлалт хийнэ.
Зорчих хөдөлгөөнтэй холбоотой батлагдсан түр журмын дагуу эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил, хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл, түлш шатахуун тээвэрлэлт хийх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд иргэний үнэмлэх болон бусад холбогдох бичиг баримтыг үндэслэн аймгийн Шуурхай штаб болон ХХААГ, БОАЖГ-аас нэвтрэх зөвшөөрөл олгоно.
Ногоон бүс рүү асуумж бөглөн зорчих хөдөлгөөн нээлттэй.
Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөнд цагийн зохицуулалт хийнэ. Нийслэлийн Онцгой комиссоос шөнийн 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хотын хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан байна. Үүнтэй уялдуулан Дарханаас Улаанбаатар хот руу 18:00 цагаас хойш хөдөлгөөн үйлдэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Мөн дулаарч байгаатай холбоотой иргэд амны хаалтгүй явах хандлага нэмэгдэж байна. Улаанбаатарт халдварын голомт нэмэгдэж буй учир тайвшрах болоогүй. УОК -ын даргын 20-р тушаалын биелэлтийг ханган ажиллахыг аймагт үйл ажиллагаа явуулж буй ААНБ, иргэдэд анхааруулж байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн онцгой комисс
АДМИН







Нийгэм








