Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: "Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 лабораторид 13456 шинжилгээ хийгдснээс халдварын 285 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 5895 боллоо. Эдгээр 285 тохиолдлын 267 нь Улаанбаатар хотод, 18 тохиолдол нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар өмнө нь бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр тохиолдлын тоо бүртгэгдлээ. Халдварын тоо улам нэмэгдэж, ногоон бүс байсан аймгуудад халдвар бүртгэгдэж халдварын нөхцөл байдал Монгол улс даяар хүндэрч байна. Монгол улсын Засгийн газар, УОК-ын зүгээс "Эдийн засгаа эрчимжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах" үйл ажиллагаагаа зэрэг явуулахын тулд аль болох хөл хориог тавихгүй байх бүх арга боломжыг хайн ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч хорио тогтоох нь дэлхийн бусад бүх улс орнуудын хувьд хэрэгжүүлж буй халдварын голомтыг хумих, халдварын тархалтыг сааруулах, батлагдсан тохиолдлын тоог багасгах хамгийн найдвартай арга юм. Хөл хорио тогтоохгүй байхын тулд та бүхний зүгээс бидний хамтдаа хийж чадах зүйл бол нэг дор олуулаа цуглахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зайгаа барих, агаар сэлгэлтийг тогтмол хийх, гараа тогтмол угаах, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийх юм" гэлээ.
Нийгэм | 2021-03-25
АДМИН








Нийгэм







