Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих гэж буйтай холбогдуулан ШӨХТГ өнөөдрөөс эхлэн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг хянах шалгалтыг эхлүүлж байна. Хатуу хөл хорио тогтоож буйтай холбоотойгоор худалдааны компани, ААН-үүд бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй, хөөргөн нэмэх тохиолдолд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэж ажиллахаа мэдэгдэж байна.
Өнгөрсөн оны намар хөл хорионы үеэр бараа бүтээгдэхүүнийн үнийг үндэслэлгүй нэмсэн хэд хэдэн ААН-ийг 20 сая төгрөгөөр торгосон. Мөн албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажилласан. Энэ удаад ч хуулийн хүрээнд хариуцлага тооцож ажиллана гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдэж байна.
Тэрээр, “Бидэнд ААН-үүдээ торгоод байх сонирхол байхгүй. Гэхдээ хууль мөрдөж ажиллахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэдгийг мэдэгдэж байна" гэжээ. ШӨХТГ-аас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ААН-үүд дараах арга хэмжээг авч ажиллахыг сануулж байна. Үүнд:
Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтыг хэвийн хангах,
Үнийн түвшнийг тогтвортой байлгах,
Үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх,
Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх,
Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх,
Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх.
АДМИН








Нийгэм






