Өнгөрсөн амралтын өдрүүдээр Архангай аймгийн төрөх тусгаарлах эмнэлэгт ковид-19 вирусийн халдвартай, хэвтэн эмчлүүлж байсан эх амаржиж охинтой болсон тухай мэдээллийг бид хүргэж байсан. Тэгвэл Ковид-19 халдвар авсан ээж эдгэрч, эх охин хоёр эмнэлгээс гарлаа.
Архангай аймагт сүүлийн 24 цагт шинээр 6 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт 507 сорьцонд PCR шинжилгээ хийгээд байна. Мөн өнөөдрийн байдлаар 77 иргэн бүрэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Аймгийн хэмжээнд коронавируст халдварын батлагдсан 222 тохиолдлын хамгийн бага 2 нас, хамгийн их 83 нас, дундаж нас 42.5, дундаж ам бүлийн тоо 4.4 байна. Батлагдсан тохиолдлуудын 58 хувийг эмэгтэйчүүд, 42 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ.
Нийт батлагдсан тохиолдлуудын 69,5 хувь нь эхний шинжилгээгээр, 25 хувь нь хоёр дахь давтан буюу 6 дахь өдрийн шинжилгээгээр 5,5 хувь нь гурав дахь давтан буюу 13 дахь өдрийн шинжилгээгээр батлагдсан гэх үзүүлэлт бий. Иймд иргэн бүр хариуцлагатай байж, хэрэв хавьталд тодорхойлогдсон бол нэн тэргүүнд гэрийн дэглэмээ чанд сахин, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж мөрдөхийг дахин сануулж байна.
Цар тахлын үеийн нөхцөл байдал нь иргэдийн аж амьдрал, хувиараа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг үндэслэн, одоогийн байгаа дэглэмээ баримталж, ТЭГ зогсолт хийлгүйгээр ажиллах шийдвэрийг Аймгийн онцгой комисс гаргасан.
Нэн шаардлагатай гэрээс гарах тохиолдолд хувийн дэглэмээ чанд сахиж, амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зайгаа барих, гараа ариутгах, шаардлагатай бүртгэл мэдээллээ хийлгэж, албаны хүмүүсийг шаардлагыг биелүүлэн зорчхыг нийт ард иргэддээ анхаарууллаа.
Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын тамгын газар
АДМИН








Нийгэм







