Dark Light
Нийгэм | 2021-04-22

Ж.МӨНХБАЯР: Цэргүүдээ эх орноо хамгаалах чадвартай жинхэнэ эр хүн болгоод аав ээжид нь хүлээлгэн өгөх гэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг нар Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан алба хаагаад удахгүй халагдах гэж байгаа алба хаагчидтай уулзан албаа нэр төртэй хаасан явдалд талархал дэвшүүллээ. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг эхлээд тус ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаярын ангийн бэлэн байдал, бэлтгэлжилтийг дээшлүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цэргийн сургалт, сэтгэл зүйн бэлтгэл, энхийг дэмжих болон бүтээн байгуулалт дахь оролцооны талаарх мэдээллийг сонсож, шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байгааг тодруулав. Үүний дараа тэрээр Хүндэт харуулын тусгай рот, Харуул үйлчилгээний тусгай ротын цэргийн байр, Эрүүл мэндийн төвөөр орж, хугацаат цэргийн алба хаагчдын ар тал, хангалт, засвар үйлчилгээний байдалтай танилцсан юм. Үүний дараа дайчидтай уулзан цэргийн албаа нэр төртэй, үлгэр жишээчээр хаасан дэд түрүүч Ц.Үржинханд, байлдагч Б.Баттөр, Э.Хүдэрчулуун нарыг ЗХЖШ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасныг гардуулж баяр хүргээд, цэргийн албаараа үргэлж бахархаж явахыг онцлон захилаа.

АМЬДРАЛДАА ЦЭРГИЙН АЛБАНААС СУРСАН ЭРДМЭЭ МӨРДЛӨГ БОЛГООРОЙ, МИНИЙ ХҮҮХДҮҮД

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.ГАНЗОРИГ

-Хугацаат цэргийн алба та бүхэнд хэр их өөрчлөлт авчирсан бэ гэсэн асуултыг хүн бүр хувьдаа бодож үзээрэй. Түүнчлэн ирээдүйд өрх гэрээ авч явах залуучууд та бүхэн амьдралд өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй юм шүү. Бүхэл бүтэн айл өрхийн тэргүүн байна гэдэг амаргүй даваа. Та бүхэн эргээд энгийн амьдралдаа орсон хойноо ч цэргийн анд нөхдөө хэзээ ч битгий мартаарай. Өнөөдөр энэ танхимд сууж байгаа хүн бүр өөрсдийн гэсэн үзэл бодолтой. Тэгэхдээ цэргийн албанд сурсан сахилга бат, эр зориг, бусдыг хүндлэх чадвараа хэзээ ч алдаж болохгүй гэдгийг онцгойлон захиж хэлмээр байна. Дээрээс нь амьдралаа одооноос төлөвлөж сурах хэрэгтэй. Мөн архи, хар тамхинаас үргэлж хол яваарай. Эдгээрээс болж ямар олон асуудлыг үүсгэж болдгийг бид бүгдээрээ мэднэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тодорхой хэмжээний эрүүл чийрэг бие бялдар, амьдралын зөв хэвшлийг олж авсан болов уу гэж найдаж байна. Эрүүл мэндээ маш сайн анхаарах хэрэгтэй юм шүү. Хүн гэдэг байгалийн бүтээл бие бялдрын асар их нөөцтэй байдаг. Би АНУ-ын Рейнжэрийн дамжааг дүүргэсэн. Хүн сэтгэл санаагаа удирдаж чадвал ямар ч хүнд давааг туулж чаддаг юм байна гэдгийг ойлгосон. Бид 35 нас хүртэлх ачаалал гэдэг зүйлийг айхааргүй давах чадвартай. Харин түүнээс цааш амьдралаас олсон туршлагаараа амьдрах хэрэгтэй. Цэргийн албанд өнгөрүүлсэн хугацаа маш сайхан дурсамж болж үлддэг. Үүгээрээ ирээдүйн амьдралын нугачаан дунд өөрийгөө хөглөж байгаарай. Монгол төрийн нүүр царай болсон Торгон цэргүүд гэдгээрээ үргэлж бахархаж яваарай. Өнөөдөр монгол цэргүүд дэлхийн цэрэг болж, сансрын уудамд эх орныхоо алдар цууг дуурсгаж чадсан. Ирэх сарын нэгэнд та бүхэн цэргийн албанаас халагдах боловч эргээд Зэвсэгт хүчнийхээ бэлтгэл, нөөцөд шилжинэ. Эр хүн алсын хараатай байх хэрэгтэй. Гаргаж буй шийдвэр чинь зөв үү, буруу юу гэдгийг сайн бодож байгаарай. Асуудалд ухаалгаар хандах хэрэгтэй. Дахин хэлэхэд албаныхаа нэр хүндийг үргэлж өндөрт өргөж яваарай.

ЦЭРГҮҮДЭЭ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ЧАДВАРТАЙ ЭР ХҮН БОЛГООД ЭЭЖ ААВД НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ГЭЖ БАЙНА

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.МӨНХБАЯР

-Удахгүй бид хугацаат цэргийн алба хаагчдаа халах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулна. Төрийн ёслолын Цагаан туганд хүндэтгэл үзүүлээд нэг жилийн албаа хааж халагддаг учиртай. Хугацаат цэргийн алба хаагчид маань өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн болон цэргийн ёслолын үйл ажиллагаанд амжилттай оролцож, харуул, үйлчилгээний тусгай ротын бие бүрэлдэхүүн өөрсдийн үүргээ чадварлагаар гүйцэтгээд ёс төртэй халагдаж байна. Цэргийн албыг хаана гэдэг нь тухайн хүний цаашид биеэ авч явах төлөвшил, хүмүүжил, сэтгэл зүйг нь бэлдээд цаашид улс орондоо хэрэгтэй, аль эсвэл ажиллаж, хөдөлмөрлөх ямар ч орчин нөхцөлд бие даагаад амьдрах чадварыг эзэмшүүлдэг онцлогтой. Цэргүүд янз бүрийн боловсролын түвшинтэй байдаг. Жилийн хугацаанд эдгээр залуусыг төлөвшүүлэх нь цэргийн албаны бас нэг онцлог. Тиймээс нь бид цэргүүдээ эх орноо хамгаалах чадвартай жинхэнэ эр хүн болгоод аав ээжид нь хүлээлгэн өгч байгаа хэрэг юм.

АМЬДРАЛЫН МИНЬ ГУРВАН ЗОРИЛГЫН НЭГ НЬ ЦЭРГИЙН АЛБА ХААХ БАЙСАН

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагч Б.ГАНТУЛГА

-Монгол Улсын өнцөг булан бүрээс шилэгдэж, сонгогдож ирсэн залуучуудтай хамт энэхүү хүндтэй албыг хааснаараа маш их бахархаж байна. Энэ мундаг залуучуудтай нөхөрлөх нь надад том хувь тохиол байлаа. Би багаасаа амьдралдаа гурван зорилго дэвшүүлсний нэг нь цэргийн албыг өөрийн биеэр хаах байсан. Цэргийн албанд ирснээрээ амьдралынхаа жинхэнэ найзуудыг олсон гэж боддог. Зовлон жаргалаа хуваалцаж, бие биенийхээ нууцыг мэдэж, бэлтгэл сургалтыг хамтдаа давсан жинхэнэ эрчүүдийн нөхөрлөл байж чадсан. Цаашид хөгшин буурал болтлоо найзална гэж бодож байна.

ЦЭРГИЙН ЭРДЭМ ЦААШДЫН АМЬДРАЛД МИНЬ ИЛҮҮ ТОДОРЧ ГАРЧ ИРНЭ ГЭЖ ХАРЖ БАЙНА

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагч Б.ХАНГАЙБАЗАР

-Би "MIU" олон улсын дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа цэргийн албанд татагдсан. Олон аавын хүүгийн хаадаг албыг би ч гэсэн яагаад хааж болдоггүй юм гэж өөрийгөө хурцалж, энэ хүндтэй албанд татагдсан. Анх бид цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдахаас эхлээд мэдээжийн хэрэг тун өөр орчин угтсан. Миний төрсөн ах цэргийн хүн. Эргэн тойрон дүүрэн цэргийн эрээн хувцастай хүмүүсийг хараад ахыгаа их санаж билээ. Ингээд бодоход их л дурсамжтай цаг хугацаа байж дээ. Өнгөрсөн жил орчмын хугацаанд олон сайхан залуучуудтай жаргал, зовлонгоо хуваалцах сайхан байлаа. Халагдахад тун бага хугацаа үлджээ. Өөр хүн халагдах гэж байгаа юм шиг нэг л итгэж өгөхгүй байна. Цэргийн алба хааснаараа хувь хүний хүмүүжил, тэсвэр тэвчээр, хатуужил гээд олон зүйлийг олж авснаас гадна Хүндэт харуулын ангид алба хааснаараа бахархах болсон. Төрийн, цэргийн ёслолд олон удаа оролцсон. Аав ээж, найз нөхдөдөө ярих зүйлтэй, дүүрэн дурсамжтай үлдсэндээ баяртай байна. Хүмүүс цэргийн албанд олон зүйлийг сурсан гэж ярьдаг. Тэр бүгд үнэн юм байна гэдгийг ойлгосон. Миний хувьд цэргийн албанаас сурсан зүйлс их ч гэсэн хамгийн гол нь энэ нь цаашдын амьдралд илүү тодорч гарч ирнэ гэж харж байна. Энэ албаараа би үргэлж бахархах болно.

ЦЭРГИЙН АЛБАНААС МАШ ОЛОН ЗҮЙЛИЙГ СУРСАН

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагч П.БАТТӨР

-Би 2020 оны нэгдүгээр ээлжээр Дорнод аймгаас цэргийн албанд татагдсан, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн мэдээллийн технологийн инженерийн ангийн хоёрдугаар дамжааны оюутан. Өнгөрсөн жил цар тахлаас үүдэн улс даяараа цахим байдлаар хичээллэсэн энэ цаг хугацааг ашиглаад цэргийн алба хааж, цаг хожъё гэж шийдсэн. Цэргийн алба миний төсөөлснөөс өөр байсан. Маш олон зүйлийг сурч болдог гэдгийг ойлгосон. Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Энэ бол нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө буюу нөхөрлөл юм. Аав, ээж минь намайг цэрэгт явахад ихийг сураад ирээрэй гэж захисан. Энэ захиасыг нь биелүүлсэн гэдэгтээ итгэлтэй байна. Мөн өнгөрсөн хугацаанд цэргээс халагдсаныхаа дараа яах талаараа олон зүйлийг төлөвлөсөн.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч Т.Идэр


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10