Dark Light
Нийгэм | 2021-04-28

"Насанд хүрсэн хүн амын 37 хувь нь вакцины эхний тунд хамрагдсан"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд байрдах дархлаажуулах цэгийн ажилтай өнөөдөр танилцлаа. 

Нийслэлд суурин болон явуулын нийт 150 гаруй дархлаажуулах цэг ажиллаж байгаа бөгөөд уртасгасан цагаар буюу 09.00-20.00 цагийн хооронд ажиллаж байгаа юм. Өнөөдрөөс 18-аас дээш насны хүн бүр дархлаажуулалтад хамрагдах боломжтой болсон бөгөөд иргэд өөрт хамгийн ойр цэгт очиж вакцинаа хийлгэх аж. Мөн орон нутгийн хаягтай, эсхүл гадаад иргэн байсан ч дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм байна.

Тус дархлаажуулах цэг байрлаж буй Баянзүрх дүүргийн хувьд, вакцины нэгдүгээр тунд 163 мянга, хоёрдугаар тунд 63 мянган хүнийг хамруулжээ. Дүүргийн хэмжээнд нийт 26 цэгт, 580 эрүүл мэндийн ажилчид ажиллаж байна. 

Уртасгасан цагаар дархлаажуулах ажилд оролцож буй эмч, эмнэлгийн ажилчдад ажилласан цагаар нь урамшуулал олгох асуудлыг удахгүй Дэд сайдын тушаал гарснаар шийдэгдэнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр мэдээлэв. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газар ажлаа авснаас хойш эхний 100 хоногт багтаан дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж буйг, энэ сарын 10 гэхэд нийслэлд байгаа вакцинд хамрагдах зорилтот хүн амаа нэгдүгээр тунд бүрэн хамруулах зорилттой ажиллаж байгааг тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улс нийт зорилтот хүн амынхаа 37 хувийг дархлаажуулалтад хамруулсан амжилтаар Азийн орнуудаас тавдугаарт эрэмблэгдэж байгааг онцолж, өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны хүн бүр өөрт хамгийн ойр дархлаажуулах цэгт очиж вакцин хийлгэх боломжтойг дуулгав. Түүнчлэн "КОВИД-19"-гүй зунтай золгох зорилт дэвшүүлсэн тул бүхий л боломжоо дайчилна, хэмээгээд цар тахлын хариу арга хэмжээнд ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн ажилтан, тусгай чиг үүргийн болон төрийн албан хаагчдад талархав. Мөн коронавирусний халдварын улмаас эрдэнэт хүний амь эрсдэж байгаад эмгэнэл илэрхийллээ. 

Тэрбээр, "Мутацид орсон коронавирусний хувилбар Монгол Улсад орж ирсэн муу мэдээ байна. Вакцин энэ мутацид орсон хувилбарт хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаа дэлхийд бүрэн хийгдээгүй байгаа. Манай эрдэмтэд, монгол мутацид орсон коронавирусний хувилбар гарах магадлалтай гэдгийг сануулж байна. Тиймээс хүн бүр сонор сэрэмжээ алдаж болохгүй. Хөл хорионы хугацааг маш хариуцлагатай өнгөрүүлэх шаардлагатай" хэмээн тодотгов. 

Хөл хорио дуусмагц дархлаажуулах цэгийн тоог багасгаж, орон нутаг руу дайчилна гэдгийг тэрээр мэдээллийнхээ төгсгөлд тэмдэглээд, түүнээс өмнө нийслэлийн иргэдийг  хүн хоорондох зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан  вакцинд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10