4-р сарын 25-наас 26 шилжих шөнө Дели - Казакстан - Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монгол улсад 81 хүн ирсэн. Үүний 11 Монгол, 70 нь Энэтхэг улсын иргэн бөгөөд Засгийн газар хоорондын Газрын тос боловсруулах бүтээн байгуулалтад ажиллах нарийн мэргэжлийн инженерүүд юм.
Тус иргэдийн талаар өмнө нь /2021.04.27/ Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга , хурандаа Ц.Ганзориг мэдээлэхдээ : Тухайн иргэд ирэхээсээ өмнө PCR-ийн шинжилгээ өгсөн, вакцинжуулалтад хамрагдсан учраас ямар нэгэн мутацид орсон вирусийг тараахгүй. Харин өнөөдөр /2021.04.30/ ЭМЯ-наас өгсөн ковид-19-ийн нөхцөл байдлын мэдээллээр тус 70 хүний 19 -ээс коронавирусний халдвар илэрсэн тухай ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.
Эдгээр хүмүүс Монгол улсад ирэхдээ PCR шинжилгээнд хамрагдаж вакцин хийлгэсэн эсэх мэдээллийг бид албаны хүмүүсээс тодрууллаа.
ХӨСҮТ-ийн Дэд дарга Ж.Байгалмаа: "Вакцин хийлгэсэн үгүйг сайн мэдэхгүй байна. Ямартай ч нислэг болохоос өмнө 72 цагийн шинжилгээ өгсөн байх. Бид одоогоор судалж байна" гэлээ.
Харин ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: "Энэ хүмүүс шинжилгээ өгөөд ирсэн бүгд сөрөг гарсан байсан. Халдварыг өмнө нь авсан байсан уу? Онгоцонд авсан уу? мэдэхгүй судалж байна. Вакцинд хамрагдсан эсэхийг бид мэдэхгүй байна" гэсэн тайлбарыг өглөө.
Тэгвэл Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг : " Гаднаас ажиллах нөцөлтэй ирж байгаа хүмүүс бүгд вакцинд хамрагдаж байгаа болохоор энэ хүмүүсийг ч бас вакциндаа хамрагдсан байх хэмээн тухайн үед мэдээллийг өгсөн. Энэтхэг улсад 2 тун хийсэн үү, яаж байгааг нь сайн мэдэхгүй байна. Тухайн хүмүүс Монголд ирэхээсээ өмнө вакцинд хамрагдсан эсэх мэдээллийг шалгаагүй" гэлээ.
АДМИН








Нийгэм




