Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталсантай холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн нар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Батмөнх нар мэдээлэл өглөө.
Өмнөх хуулиар хоршооны гишүүний оруулсан хөрөнгийг гишүүдийнх нэр дээр бүртгэдэг зохицуулалттай байсан учраас хоршоо өөрийн хөрөнгөгүй, барьцаа хөрөнгөгүй учраас зээлийн харилцаа үүсгэх боломжгүй, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хүндрэлтэй байсан юм.
Харин УИХ 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр баталсан Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад, хоршоо хуулийн этгээдийнхээ хувьд Иргэний хуульд тодорхойлсон өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл байх боломж бодитойгоор нээгджээ.
Ингэснээр хоршоо зээлийн харилцаа үүсгэх боломж бүрдэж байгаа юм байна. Хоршооны өөрийн хөрөнгийн зохицуулалтыг тодорхой болгосноор хуулийн этгээдийнхээ хувьд арилжааны банк болон бусад зээлдэгчдээс зээл авах эрх зүйн үндэс бүрдэж буй нь цоо шинэ эрх зүйн зохицуулалт. Ийнхүү хоршоо бие даан хөгжиж, үр дүнд нь ажлын байр нэмэгдэхийн зэрэгцээ хоршоодын үйл ажиллагаагаар дамжуулан орон нутагт хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болох ач холбогдолтой гэдгийг С.Чинзориг гишүүн мэдээлэв.
Манай улсад 4700 гаруй хоршоо бүртгэлтэй байдгийн 86 хувь нь анхан шатны, 13.5 хувь нь хадгаламж зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Хоршооны эрсдэлийн удирдлагыг шинэ төвшинд гаргасан хоёр заалтыг мөн тэрбээр онцлон танилцууллаа. Хоршоо үйл ажиллагаа явуулахдаа гишүүдийнхээ дундын эд хөрөнгөнд хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх явцад үүсэж болох аливаа санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад бодлогоор дэмжих зорилгоор “Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан” болон “Хоршооны хөгжлийн сан”-д тодорхой хөрөнгө төвлөрүүлэх боломжтой болсон байна.
Хоршооны хариуцлагын тогтолцооны шинэчлэлтийн талаар С.Чинзориг гишүүн тайлбарлав. Хоршоо нь гишүүдийнхээ бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй мөн хоршооны гишүүн нь хоршооны хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү хоршоонд оруулсан хувь хөрөнгөөрөө хариуцлага хүлээх зохицуулалт оруулжээ. Эдгээр зохицуулалт нь хоршооны хөгжлийг дэмжих ач холбогдолтойг дэлгэрэнгүй мэдээлсэн.
Манай улсад 4700 гаруй хоршоо бүртгэлтэй байдгийн 86 хувь нь анхан шатны, 13.5 хувь нь хадгаламж зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Нийт хоршоодын 50-60 хувь нь өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй хоршоодын дийлэнх нь хөдөө орон нутагт, идэвхитэй гишүүдийн ихэнх нь малчид байдаг аж.
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар баталж, хэрэгжүүлснээр хоршооны хөгжлийг шинэ түвшинд гаргахад эрх зүйн тулгуур болж, олон улсын хоршооллын хөдөлгөөнийг улс орон даяар дэлгэрүүлэхэд хөшүүрэг болоод зогсохгүй, хоршоо бие даан хөгжих нөхцөл хангагдах, хоршин, хамтарч ажиллах замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн хөгжлийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулах боломжийг олгож байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.
АДМИН







Нийгэм





