Завхан аймгийн Завханмандал сумын иргэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдснаас 4 хоногийн дараа нас барсан гэх мэдээллийн талаар сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч А.Дулмаатай холбогдож тодрууллаа. Тус сумын Нуга багийн иргэн 46 настай эрэгтэй А нь 5-р сарын 10- ны өдөр сумынхаа эмнэлэгт вакцинаа хийлгэсэн. Тухайн иргэн эмчийн хяналтанд байдаггүй, элэгний В вирустэйгээс өөр архаг хууч өвчингүй хүн байсан. Вакцин хийлгэх үедээ ямар нэгэн хариу урвал үзүүлээгүй, сайн дураараа ирж хийлгэсэн, нас барах өдөр хүртлээ эмнэлэгт хандаж, бие зовиуртай байна гэсэн дуудлага өгөөгүй юм байна. Иргэн А вакцин хийлгэснээсээ 4 хоногийн дараа буюу 5-р сарын 14-нд хөдөө явж ямаагаа самнаж байх үедээ гэнэт нас баржээ. Аймгийн төвөөс цагдаа, шүүхийн шинжилгээний албыг тухайн өдрөө дуудсан, 15-ны өдөр сумын эмнэлэгт нь задлан шинжилгээ хийсэн байна. Урьдчилсан дүгнэлтээр иргэн А -аас короновирус илрээгүй, уушги, зүрх эрүүл бус гэсэн дүгнэлт гарсан байна. Шүүхийн шинжилгээний албанаас эдийн шинжилгээг авч аймгийн төв рүү буцсан. Ойролцоогоор сарын дараа нас барсан шалтгаан тодорхой болно гэсэн хариулт өгч байгаа. Вирус илрээгүй учир ар гэрийнхэнд цогцосыг өгч, нутаглуулсан гэсэн мэдээллийг сумын эмч бидэнд өглөө. Эрүүл мэндийн яамнаас вакцин хийлгэсний дараах 30 минутын хугацаа бол хариу урвал өгч, үхэлд хүргэж болох хугацаа, түүнээс цаашхи хугацааны биеийн байдал муудах, нас барах асуудлыг вакцинаас болсон гэж үзэх боломжгүй, шалтгааныг тодруулна. Архаг, хууч өвчтэй иргэнд ямар нэгэн шинж тэмдэг илэрхийг үгүйсгэхгүй гэсэн мэдээлэл өгч байгаа. Одоогоор Завхан аймгийн хэмжээнд вакцин хийлгэсний дараа хариу урвалын дуудлага бүртгэгдээгүй, албан ёсоор эмнэлэгт хандаж биеийн байдал муудсан гэсэн мэдээлэл ирээгүй байна гэх хариултыг Эрүүл мэндийн газраас өглөө.
Эх сурвалж: Zavkhan news social TV
АДМИН








Нийгэм







