Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн өдрүүдэд Багануур дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, мөн цагдаагийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах хүрээнд жил бүр үе шаттай арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст явуулын ажлын байр гардуулав.
Мөн үеэр “Байгалиа хамгаалъя” нэгдсэн аяны хүрээнд зохион байгуулж буй ажил болон ногоон байгууламжийг нэмэх хүрээнд хэрэгжүүлж буй ажилтай танилцсан юм. Багануур дүүргийн иргэд болон удирдлага Мянганы зам дагуу 1450 ширхэг улиас мод тарьжээ. Харин нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд 3500 ширхэг хайлаасаар ургамлан хашлага хийж, 250 ширхэг шар хуайс мод тарьсан байна. Түүнчлэн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Багануур дүүрэгт ажиллах үеэрээ Хэрлэн голын ай сав, дүүргийн цэвэр ус хангамжийн наран станцын үйл ажиллагаа чанарын шаардлага хэрхэн хангагдаж байгаа талаар мэдээлэл авч, шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
АДМИН








Нийгэм







