Улсын их хурлын дарга Г.Занданшатар дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Тэрбээр "Цар тахлаас үүдэлтэй сорилт 2021 онд үргэлжилж байгаа хэдий ч хонгилын үзүүрт гэрэл гарч эхэлсэн. 2021 оны 1 дүгээр улиралд эдийн засгийн өсөлт 15.7 хувь болж, ДНБ сүүлийн 3 улирал дараалан өмнөх улирлаасаа өсөлттэй гарлаа.
Энэ нь Монгол Улс цар тахлаас шалтгаалсан уналтаас 2021 онд багтаж гарах боломжтойг илэрхийж байна. Эдийн засгийн өсөлтийн дийлэнх хэсгийг уул уурхай, түүгээр тэжээгдсэн аж үйлдвэр, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт эзэлжээ.
Өнөөдрийн цуврал уулзалтаараа бид банк, санхүүгийн салбарынхантай уулзаж байна.
Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөлгөөн болон Даатгалын холбоо, МҮЦАЭХ, Банк бус санхүүгийн байгууллагын удирдлагууд оролцож банк, санхүүгийн салбарт тохиолдож буй сорилт болон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны талаараа ярилцаж байна.
Хэдийгээр эдийн засгийн гадаад орчин эерэг байгаа боловч инфляцийн эрсдэл эдийн засагт үүсээд байна. 2021 оны 4 дүгээр сард инфляци 5.6 хувь болж, өмнөх сараас 2.4 хувиар нэмэгдлээ. Инфляц өсөхөд хүнсний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа махны үнийн өсөлт голлох нөлөөг үзүүлжээ.
Түүнчлэн иргэдийн төгрөгийн харилцах, хадгаламжийн хэмжээ сүүлийн нэг жилийн хугацаанд 5.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Гэвч хөл хорионы дэглэм буурч буй үед цаашид эрэлтээс үүдэлтэй инфяцлийг нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна. Энэ нь УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги” батлагдахаас жилийн өмнө шинээр олгосон төгрөгийн зээлийн дундаж хүү 16.6 хувь байсан бол өнөөдөр 15 хувь болж 1.6 хувиар буурсан сайн мэдээтэй байна. Цаашид зээлийн эрсдэлийн болон банкны үйл ажиллагааны зардлыг бууруулахад түлхүү анхаарах шаардлагатай.
Эцэст нь нэгтгэн хэлэхэд, бидний өмнө боломж сорилт зэрэгцэн оршиж байна. Сорилтыг боломж болгох нь Та бидний хамтын ажиллагаа, сорилтыг боломж болгох итгэл, манлайллаас ихээхэн хамаарна" гэсэн байна.
АДМИН








Нийгэм







