Ардчилсан намаас өнөөдөр /2021.06.04/ сонгуулийн явцад нөлөөлөх зорилгоор Ардчилсан намын дансыг эрх баригчид хаалаа хэмээн хэвлэлийн хурал зарлан мэдээлж ШШГЕГ-т шаардлага хүргүүлсэн. Тухайн асуудлыг холбогдох газруудаас тодруулахад:
2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаатай холбоотой хэвлэл мэдээллийн байгууллагуудад үүсэн өрийн улмаас шүүхийн шийдвэр гарчээ. Шүүхийн шийдвэрийг Ардчилсан намд хүргүүлсэн боловч биелүүлээгүйн улмаас ШШГЕГ-аас албадлагын арга хэмжээ авч Арчилсан намын гүйлгээний дансыг хаасан ба шүүхийн шийдвэрийн үнийн дүнгээр данснаас суутгал хийсэн тул дансны гүйлгээг буцаан сэргээсэн байна.
Энэ талаар НШШГГ-ын дэд дарга С.Бямбарагчаа : "Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ардчилсан намаас 24.1 сая төгрөг гаргуулж SPS HD ХХК-д олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг Ардчилсан намд хүргүүлсэн боловч хариу өгөөгүй, шийдвэрийг биелүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэгч Ардчилсан нам дээр энэ төлбөрийн асуудлаар уулзахаар очсон боловч нэвтэрч чадаагүй. Ингээд 2021 оны 6 сарын 2-ны өдөр Ардчилсан намын арилжааны банкууд дахь дансны зөвхөн зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан мөнгөн дүнгийн хэмжээгээр түтгэлзүүлэх, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд заасан холбогдох арга хэмжээг авсан. Шүүхийн шийдвэрт зааснаар 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажлын төлбөр төлөгдөөгүй яваад тэр дээр нь шүүхийн шийдвэр гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирсэн байдаг. Өнгөрсөн 6 сарын 2-ны өдөр энэ зарлагын хөдөлгөөнийг түтгэлзүүлэх тогтоолуудыг арилжааны банкуудад хүргүүлээд өнөөдөр арилжааны банк дахь данснаас төлбөрийн дүнгийн хэмжээгээр суутгал хийсэн учраас дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээсэн" хэмээн мэдээллээ.
АДМИН








Нийгэм




