Dark Light
Нийгэм | 2021-06-21

Д.Жаргалсайхан: Бусдад хэрэгцээтэй мэдээллийг төлбөргүй түгээ, үнэ цэнэ нь хэд дахин өсч ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Стартап Терминал төвийн захирал, нэвтрүүлэгч, маркетер Д.Жаргалсайхантай ярилцлаа. 

Н.О Бидний ярилцлага Стартап терминал хамтын оффис дээрээс танд хүрч байна. Хамтын оффисын онцлог, хамтаараа байхын ач холбогдол юу вэ?

Д.Ж Уламжлалт оффисыг бодвол өртөг зардал багатай, ялангуяа ковидын цаг үед бизнесүүдэд зардлаа хэмнэх боломжийг олгож байгаа. Зөвхөн зардал хэмнэх ч бус хамт байгаа бусад бизнесүүдээс суралцах, хамтрах, бизнесээ тэлэх ач холбогдолтой. 

Би өөрөө маркетер хүн. Бизнест шинэ харилцагчийг үүсгэхээс гадна, хуучин харилцагчдаа хадгалж үлдэх нь чухал байдаг. Тиймээс бид хуучин харилцагчиддаа хандсан олон үйл ажиллагаа, сургалт явуулдаг, тэдний бизнест ч мөн санаа тавьдаг.  

Н.О Оффисын түрээсийн төлбөр хэд вэ, нууц биш бол?

Д.Ж Нэгж талбайн түрээс 200 мянган төгрөг. Энэ бол зөвхөн тухайн талбайн түрээс биш, бүхэл бүтэн 400 м2 талбай, хурлын өрөө, сургалтын өрөө, уулзалтын хэсэг, номын булан гэх мэт бүх хэсгүүд орох юм.  Үүнээс гадна хамгийн олзуурхууштай зүйл бол сургалт. Сар бүр мэргэжлийн багш, менторууд манай харилцагч гишүүдэд сургалт ордог. 

Нэг сумаар хэд хэдэн туулай буудаж байгаа юм л даа. Түрээслэгчид маань Их Монгол төвд байрлаж байгаа фитнесс, үсчин, ресторан, кофе шопт ч хөнгөлөлттэй үйлчлүүлдэг.

Цөөхөн хүнтэй компани бол хамт олны уур амьсгалд орж, шинэ жил, баяруудыг хамтдаа тэмдэглэх, салхинд гарах гэх мэт үйл ажиллагаанд оролцож, зөвхөн бизнесийн ашиг орлогоос гадна ажиллагсдын сэтгэл санаа, урам зориг сэргэх ч эерэг талтай. 

Н.О Танай оффис дээрээс хамтрагчаа олж, бизнесээ өргөжүүлсэн тохиолдол бий юу?

Д.Ж Манайд түрээсэлдэг байсан хүүхдийн номын зохиолч, зураач хоёр хамтрах болсон. Зураач номын нүүрний зургийг зурж, эсрэг талд нь суудаг байсан маркетер номын борлуулалтыг нь хариуцаж ажиллах болсон. Гэх мэтчлэн хамтын оффисоос маань хоорондоо холбогдоод бизнесээ тэлэх тохиолдол олон гардаг. 

Н.О Төвөөс зөвхөн оффис түрээслэхээс гадна өөр ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

Д.Ж  Маркетинг, бизнесийн чиглэлээр багш нар тогтмол сургалтууд ордог, мөн баярууд болон тэмдэглэлт өдөр, хамт олны зугаалга гэсэн арга хэмжээнүүд зохион байгуулдаг. Цөөн хүнтэй байгууллагын хувьд  хамт олны уур амьсгалд ороод гоё байдаг, ажил бол зөвхөн хийх ёстой зүйл биш, энэ бол хамтын хөдөлмөр, харилцаа, уур амьсгал шүү дээ. 

Н.О Шинэхэн стартап компани танай төвийг зориод ирвэл бизнест нь ямар зөвлөгөө өгөх вэ?

Д.Ж Тухайн компанийн үйл ажиллагааны чиглэлийг сайтар сонсоод ажиллах хүчин тал дээр нь илүүтэй дэмжихийг бодно. Тухайлбал 2 айти инженер маш сайн программ бичдэг байлаа гэхэд маркетинг, санхүүгийн талын зөвлөгөө, үйлчилгээ зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Том компаниуд шиг бүх орон тоо тэдэнд байдаггүй учир дутууг нөхөж, дэмжиж ажиллах нь бидний үүрэг.

Н.О Цахим орчинд тэг төгрөгөөг бизнесээ сурталчлах ямар боломжууд байна вэ?

Д.Ж Та өөрөө брэнд. Заавал компани, том групп брэнд үүсгэх биш хүн бүр өөрийн үзэл бодлоо илэрхийлж, идэвхтэй байснаар өөрийгөө брэнд болгон хөгжүүлэх, түүгээрээ бизнесээ сурталчлах боломжтой. 

Хамгийн их хэрэгтэй контентийг үнэгүй хүргэж байгаа хүн бусдад танигдаж, хоногшиж үнэ цэнэ нь эргээд хэд дахин нэмэгдэж ирдэг. 

Барууны орнуудын маркетингд гарсан шинэ хандлагаар хэтэрхий төгс контент хийх хэрэггүй гэж зөвлөх болсон. Дандаа гоё зураг оруулах биш заримдаа хөгжилтэй, дутагдалтай, царай муутай зургаа оруулах, бүжиглэх гээд алдсан ч юм уу амьдралын бодит үнэнээ хуваалцах нь бусдад илүү ойр сэтгэгдэл төрүүлдэг. 

Мөн түүнчлэн дийлэнх бизнесүүд цахим орчин дахь маркетинг гэхээр бүтээгдэхүүний зургаар бөмбөгдөөд байдаг. Үүний оронд тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хүний зураг, хэрэглэсэн сэтгэгдэл гоё ганган студийн зурагнаас илүү хүний сэтгэлд хүрдэг. 

Н.О Сошиал дээр Жагаа нилээд идэвхтэй харагддаг. Өөрийн чинь илэрхийлэхийг хүссэн дүр төрх юу вэ?

Д.Ж Бид Facebook, Instagram, Linkedin, Medium зэрэг дээр идэвхтэй байдаг. Гэхдээ платформ бүр дээр өөр контент хуваалцдаг. Тухайлбал Фэйсбүүк дээр кино, шоубизийн мэдээлэл, маркетингийн зөвлөгөөнүүдийг оруулдаг бол Медиум дээр илүү урт бичвэрүүд оруулдаг гм. 

Тэгээд нэгдсэн дүр төрхөөр бүх сошиал платформоо хөтлөөрэй, энгийнээр хэлбэл бүгд нэг зурагтай, ижил тайлбартай байх жишээний. 

Би нэг кино үзээд ганцаараа таалахын оронд кино сонирхогч, бусад хүмүүстэй хуваалцаж, ижил мэдрэмж авах нь гоё байдаг. 

Нийгэмд хэр эерэг мэдээ түгээж, нөлөө үзүүлж байна гэдгээр нь манлайлагч, энтрепренер хүнийг дүгнэдэг болсон. Тэгэхээр хамаг мэддэг юмаа үнэгүй түгээгээд байна биш, харин бусдад хэрэгтэй өчүүхэн ч гэсэн юм хийж чадаж байна даа гэж бодох хэрэгтэй. 

Н.О Жагаа инфлуенсер мөн үү?

Д.Ж Би өөрийгөө бичил инфлуенсер гэж боддог. Идэр-Од, Ганжавхлан нар бол макро түвшинд, харин Инстаграмд 2-5 мянган дагагчтай, Фэйсбүүкт 5-10 мянган дагагчтай хүнийг бичил инфлуенсер гэнэ. Бичил нөлөөлөгчид тухайлсан бизнест их үүрэг гүйцтэгэдэг, яг тэр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг, тухайн салбарыг сонирхдог хүмүүст мэдээллийг нь шимтэн үздэг. Үүнийг дагаад Moneytize буюу сошиал хөгжүүлэлтийг амжилттай хийсний үр дүнд түүнийг мөнгөжүүлэх  боломж гардаг.

Даян дэлхийн бүх үйл явдлыг бичиж хүн угаасаа амжихгүй, тиймээс өөрийн сонирхдог нэг сэдвийг сонгож бичвэл дээр. 

Инфлуенсер байх нь олон талын давуу талтай. Тухалбал яг ижил хоёр хөтлөгч байлаа гэхэд илүү олонд танигдсан, үзэл бодлоо хуваалцдаг нь илүү олон ажлын санал авах жишээтэй. 

Худалдааны бизнес эрхэлдэг хүмүүс Canva, монтажны анхан шатны түвшинд Filmora зэрэг програмуудыг хэрэглэж сурахыг зөвлөж байна. 

Н.О Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10