Dark Light
Нийгэм | 2021-06-21

Монголын Үндэсний Морин уралдаан, Уяачдын холбоо: Аймаг, сумдын наадмыг зохион байгуулах ёстой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Морин уралдаан, Уяачдын холбооноос олон нийтэд мэдээлэл өглөө. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу зөвхөн Улаанбаатар хотын наадмын цахимаар зохион байгуулж, аймаг, сумдын наадмыг хийхийг хориглох шийдвэр гаргасан.

Тэгвэл тус холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө УИХ-д өргөн барих, Монгол Улсын Засгийн Газрын тэмдэглэлээр өгсөн чиглэлээ эргэн харж, бүх сум, аймаг, улсын баяр наадмыг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, 07 дугаар сарын 11-15-ны хооронд нэг өдөр зохион байгуулах, улаан бүсээр зарлаж, хатуу хөл хорио зарласан аймаг, сумдын удирдлага өөрсдийн бүрэн эрхийн дагуу богино хугацаагаар хойшлуулан зохион байгуулах эрхийг олгож шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар Сайд С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлж байгаа аж.

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

"МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН , МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН , ШАДАР САЙД , УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА С.АМАРСАЙХАН ТАНАА

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААН УЯАЧДЫН ХОЛБОО

"Үндэсний их баяр наадмын талаар санал хүргүүлэх тухай"

Монголын Үндэсний Морин уралдаан, Уяачдын холбоо ” нь Үндэсний их баяр наадам, Монгол наадам, Монгол адуу, үндэсний соёлын өвөө хамгаалах үндсэн зорилготой бөгөөд нийт уяачдын 90 гаруй хувийг бүрдүүлж буй хөдөөний малчин уяачдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахаар ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 -д " Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна" гэсний дагуу Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр бөгөөд төрийн хамгаалалтад байх ёстой. Үндэсний их баяр наадам буюу Монгол наадам нь Дэлхийн хүн төрөлхтний төлөөллийн биет бус соёлын өвийн жагсаалтад 2010 онд бүртгэгдэж, Монголчуудын Дэлхийд ондооших Монгол брэнд болсон.

Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 06 дугаар сарын 16 - ны өдрийн хурлын Тэмдэглэлээр зөвхөн улсын баяр наадмаас бусад бүх аймаг , сумдын наадмыг хориглосон чиглэл өгсөн орон нутгийн уяачдын эрхийг зөрчиж байна . Монгол наадам бол Монголчуудын хувьд оюун санааны дархлаа бөгөөд байгаль , цаг уурын бэрхшээлийг даваж туулж , дэлгэр зунтай золгож , Монгол хүн гэдгээрээ омогшдог үндэсний бахархал юм. Аймаг, сумдын наадмыг хориглосоноор Улаанбаатар хот руу чиглэх хөдөлгөөн хэт ихсэх , хүн амын бөөгнөрөл ихсэх , ногоон бүсээс эрүүл иргэд улаан бүс рүү нэвтэрч , халдвар улам тархах өндөр эрсдэлийг үүсгэж байна . Мөн хотын уяачид наадаж болдог , орон нутгийн , хөдөөгийн уяачид наадаж болдоггүй юм уу , ялгаварлан гадуурхлаа гэх зэргээр уяачид, наадамчдын эрхийг зөрчиж , бухимдал , эсэргүүцлийг хүргэж байна. Монгол Улс эргэх дөрвөн цагийн эргэлтэнд тогтсон хуваарьт орсон ажил , хөдөлмөр эрхэлдэг , баяр наадмыг хойшлуулах нь өвөлжилт , намрын хадлан тэжээл бэлтгэх зэрэг олон зүйлд сөрөг үр дагавар үүсгэх тул Үндэсний их баяр наадмыг хойшлуулах боломжгүй юм.

Үндэсний их баяр наадмын тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар жил бүрийн 7 дугаар сарын 11-15 - ны хооронд Үндэсний их баяр наадмыг Монгол Улсын засаг захиргааны нэгж бүрт Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлнэ гэж хуульчилсан.

Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 01 дугаар сарын 20 - ны өдрийн 57 тоот тогтоолоор Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүргийг Шадар сайдад өгсөн боловч энэ цагаас хойш 3 Шадар сайдын нүүр үзэж байна . Таны боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүрэн дэмжиж байгаа тул яаралтай УИХ-д өргөн барих, Монгол наадам тойрсон маргааныг шийдвэрлэхэд энэхүү хуулийн төсөл чухал ач холбогдолтой байна. Иймд Үндэсний их баяр наадмын тухайх хуулийн шинэчилсэн найруулгын төслөө УИХ-д өргөн барих, Монгол Улсын Засгийн Газрын тэмдэглэлээр өгсөн чиглэлээ эргэн харж, бүх сум, аймаг, улсын баяр наадмыг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, 07 дугаар сарын 11-15 - ны хооронд нэг өдөр зохион байгуулах, улаан бүсээр зарлаж, өрсдийн бүрэн эрхийн дагуу хатуу хөл хорио зарласан аймаг, сумдын удирдлага богино хугацаагаар хойшлуулан зохион байгуулах эрхийг олгож шийдвэрлэж өгөхийг хүсье" гэсэн байна.

Видео бичлгэгийг: https://www.facebook.com/zugii/videos/1996814913790058


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10