Өчигдөр буюу зургадугаар сарын 27-ны өдөр ЭМЯ-ны ээлжит 11:00 цагийн мэдээллээр хоёр сартай нярай ковид-19 цар тахлын улмаас нас барсан гэдгийг мэдээлсэн. Талийгаачийг гурван хоногийн турш эмчилсэн ч амьсгалын үйл ажиллагаа, зүрхний үйл ажиллагаа зогссон байсан хэмээсэн юм.
Энэ талаар "Ковид19"-ийн халдвараар нас барсан гэх хоёр сартай нярайн аав мэдээлэл өглөө. Тэрбээр "ЭМЯ нярайг маань гурван хоног эмчилсэн гэж худлаа мэдээлсэн. Эмчлэх нь битгий хэл, өрхийн эмнэлгээс нэг ч удаа уушгийг нь чагнаагүй.
Эхнэр маань Ковид-19-ийн халдвар авсан тул эмнэлэг рүү авч явж, нярайг авах боломжгүй хэмээн эх нярайг салгасан. Манай эхнэрийн хувьд маш хүнд хэлбэрээр өвчилсөн. Гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байх хугацаандаа маш их хүндэрсэн. Тиймээс холбогдох байгууллагууд руу эмнэлэгт хэвтүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн ч ийм хүнд хүнийг авахгүй, ор олдохгүй байгаа гэж хэлсэн. Амьсгал нь давчдаад амьсгалж чадахгүй байсан. Тэр үед тандалтын багийнхан ирээд эхнэрийг маань авч явсан. Охиныг минь авч явахгүй гэсэн болохоор би өөрөө харж үлдсэн.
Эмнэлгийн байгууллагууд аав нь өөрөө харж үлдэнэ гээд авч үлдсэн гэж худлаа ярьж байна. Хань минь эмнэлэгт илүү хүндэрсэн. Эх нярай хоёрыг салгадаг нь хамгийн буруу үйлдэл байсан.
Өглөө сэрээд живхийг нь солих үед охин минь өнгөрчихсөн байсан. Одоогийн байдлаар ямар шалтгаанаар нас барсан гэдэг нь тодорхойгүй байгаа. Иймд охинтой минь холбоотой буруу ташаа мэдээлэл өгөхгүй байхыг хүсч байна. Нярайг минь эндсэн энэ хүнд цагт худал мэдээлэл өгч буйд гомдолтой байна" гэлээ.
АДМИН







Нийгэм







