Жил бүр хаврын тариалалт эхлэх үед таримал ургамлын үр үйлдвэрлэл тогтвортой бус, нөөц хангалтгүйн улмаас үрийн чанар, хүрэлцээ, хангамж, үйлдвэрлэл тойрсон хүндрэл үүсдэг. Манай улс хүнсний ногооныхоо 50 хүрэхгүй хувийг дотоодоосоо хангаж, үлдсэн нь импортоор орж ирдэг. Импортын хүнсийг ямар хөрсөнд, ямар ургамал хамгааллын бодисоор, хэрхэн тарьж ургуулсанд бид хяналт тавих боломжгүй. Тийм учраас хүнсний аюулгүй байдал гэдэг үрээс эхэлнэ. Дотоодынхоо хэрэгцээт хүнсийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд үр үйлдвэрлэл, үрийн аж ахуйг дэмжих чиглэлд ХХААХҮЯ түлхүү ажиллаж байна.
Энэ чиглэлийн бодлого, эрх зүйн орчныг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан сайжруулж, хэрэгжүүлэхээр Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэгвэл өнөөдөр тус хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.
Шинээр боловсруулсан, 31 зүйлтэй тус хуулийн зорилго нь
Таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих,
Үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх,
Үрийн шударга худалдааг төлөвшүүлэх,
Таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих,
Таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.
Хуулийн төсөл батлагдсанаар гарах үр дүн
Таримал ургамлын шинэ сортыг бүтээх ажлыг дэмжих, түүнийг сорих, нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, баталгаажуулах үйл ажиллагааг цогцоор хэрэгжүүлэх боломж нээгдэнэ.
Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр таримал ургамлын өвчин, хортон, ган, хэт халалт, хэт хүйтрэлтэд тэсвэрт чанарыг сайжруулсан үр үйлдвэрлэлийг хөгжүүлж, га-аас авах ургацын хэмжээ, тариаланчдын орлого нэмэгдэнэ.
Таримал ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хангамж, эрүүл, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулна.
Эдийн засгийн үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй таримал, сортыг нутагшуулан бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон баталгаажсан сортын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломж бүрдэнэ.
Гадаад улстай мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх, чадавхиа бэхжүүлэх чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэнэ.
АДМИН






Нийгэм







