Dark Light
Нийгэм | 2021-08-02

Польшийн Крушныниад болсон Татарын наадамд монголчууд оролцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Польшийн Крушынианыд 2021 оны 7 дугаар сарын  31-нд болсон татаарын Сабантуй наадамд оролцох ажлыг Варшав дахь ЭСЯ-наас зохион байгуулсан нь монголчуудын соёл, түүх, зан заншлыг Польшид сурталчилсан томоохон арга хэмжээ болов. Энэхүү наадамд  Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, ЭСЯ-ны ажилтан нар болон Польш дахь Монголчуудын холбоо, Шагайн холбооны төлөөлөгчид очиж оролцов.

Тус наадамд Польшийн Подласки мужийн дарга Бохдан Пашковски, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Дэд Маршалек Станислав Дэрэхайло, Крынки гмины дарга Йоланта Гудалевска нар болон Крушынианы, Сокүлка, Бохоники зэрэг татаарын тосгодын удирдлагууд оролцов.  Мөн Бүгд Найрамдах Литва Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдуардас Борисовас хүрэлцэн ирж оролцов.

Польш, Литвад татаарчууд 14 дүгээр зуунаас эхлэн суурьшсан түүх нь Монголын Их Гүрэн, түүний хожуу үеийн ханлигуудын түүхтэй гүн гүнзгий холбоотой. Энэ үйл явцын ач холбогдлыг үнэлж Литвийн Соёлын яам 2021 оныг Татаарын жилээр тунхаглаад байгаа билээ. 

Наадмын үеэр ЭСЯ-ны урилгаар ХБНГУ-аас Хөх Монгол хамтлаг хүрэлцэн ирж, тоглосон нь хуран цугласан олон зуун үзэгчдэд өндөр сэтгэгдэл төрүүлж, гүн талархал хүлээв. 

Мөн гэрэл зурагчин Б.Баярын “Хадны сүг зураг”-ийн гэрэл зургийн үзэсгэлэнг гаргасан нь Монголын соёл, түүхийг сурталчлахад чиглэсэн чухал арга хэмжээ болов. Энэ үзэсгэлэн сар орчим хугацаанд тус тосгон дахь үзэсгэлэнгийн танхимд гарах болно.

Мөн Польш дахь Монголчуудын холбоо болон Шагайн холбооны төлөөлөгчид асар барьж, үндэсний спорт болох шагайн харваа, анагаах ухаан, соёлоо танилцуулсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татлаа. Хүрэлцэн ирсэн монголчууд наадмын үеэр болсон парад болон бусад арга хэмжээнүүдэд үндэсний хувцсаараа гоёж оролцлоо.

Монголын талаас зохион байгуулсан арга хэмжээнүүд наадам зохион байгуулагчдын онцгой талархлыг хүлээлээ. 

Варшав дахь ЭСЯ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10