Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллаад иржээ. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын шумбагчид нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцны хэмжээ, байршил, нөхцөл байдлыг тогтоохоор 4-5 удаагийн шумбалт хийсэн байна. Хөлөг онгоц зүүн талаараа хажуулдаж унасан. Доод хэсгээрээ лаг шаварт шигдсэн байдалтай, зэврэлт бага байгааг тогтоолоо.
1986 онд живсэн 300 тонн жинтэй тус хөлөг онгоц болон бусад машин техникийг татан гаргана гэдэг нь цэнгэг усны ундарга болсон Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Живсэн машин техникийг нуурын “хорт хавдар” гэж эрдэмтэд нэрлэдэг.
Усны суурь судалгаа хийх ажлын хэсэг нуурын 5-6 цэгт дээж авч шинжилгээ хийж лабораторийн дүгнэлт гаргана. Живсэн техник хэрэгслийг татан гаргах ажлыг зохион байгуулахад шаардагдах хүн, хүчний нөөцийг Батлан хамгаалахын яамнаас гаргах юм.
Энэ ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулахын тулд ОХУ-аас туршлага, зөвлөгөө авч ажиллана. Оросын аврагчдын бүрэлдэхүүн ирэх 9 сард ирэх юм.

АДМИН








Нийгэм







