Өвөрхангай аймгийн Хархорин сумын хийдээс бурхан хулгайлсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран илрүүлжээ.
Энэ сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад "Майдар бурхан 3 ширхэг, Богд зонхов бурхан 2 ширхэг, Өндөр гэгээн Занабазар бурхан 1 ширхэг, нийт 6 ширхэг бурхад алдагдсан" гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж өмнө нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Ж, Б нар нь П, Б, Т гэх этгээдийн хамт бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг этгээдүүд Архангай, Өвөрхангай, Завхан аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сүм хийдэд хууль бусаар нэвтрэн 6 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь илэрсэн байна.
Уг этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтайгаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт хүргүүлжээ.
Иймд сүм хийд, аж ахуй нэгжүүд стандартын шаардлагад нийцсэн камержуулалт суурилуулахад анхаарч харуул хамгаалалт, хөршийн холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АДМИН








Нийгэм







