Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл, дүүргийн нутаг дэвсгэрт “Өглөөний гудамж” байгуулах, газрын зөрчил арилгаж, чөлөөлсөн авто гараашийн байршилд тохижилт хийх, өвөлжилтийн бэлтгэл хангах болон бусад асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Дүүргийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн болон бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр шинээр 6 сургууль, 11 цэцэрлэгийн барилгын ажлын явц 10-100 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар 12 дугаар хороонд шинээр баригдсан 299 дүгээр цэцэрлэг, 1 дүгээр хорооны 143 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 6 дугаар хороо 25 дугаар цэцэрлэг, 3 дугаар хороо 68-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил бүрэн дуусч, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ. Түүнээс гадна сургууль, цэцэрлэгүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу зарим засвар болон халдвараас урьдчилан сэргийлэх ариутгалын бодисын нөөц бүрдүүлэхэд нэн шаардлагатай санхүүжилтийг хэлэлцэн дэмжив. Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургууль, цэцэрлэгийн гадна, дотор орчны аюулгүй байдал, цэвэрлэгээ, ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг сахих чиглэлээр Хариуцлагын гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах, хяналт тавих ажлын удирдамжийн төслийг ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсээс танилцуулав. Уг төсөлд дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Сургууль, цэцэрлэгийн аюулгүй орчныг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах нь нэн чухал асуудал. Түүнээс гадна хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүмүүжил, төлөвшилд онцгой анхаарах чиглэлээр сургуулийн захиргаа, багш, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, бүх талууд хамтран ажиллах ёстой. Иймээс энэ чиглэлийн зохицуулалтыг гэрээнд тусгах саналыг оруулж, зөвлөлийн гишүүд дэмжсэн юм.
Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал бол дүүргийн нутаг дэвсгэрт “Өглөөний гудамж” байгуулах тухай байв. Эхний ээлжинд сонгогдсон байршилд жилийн 4 улиралд үйл ажиллагаа боломжтой олон улсын стандартад нийцсэн, жишиг болохуйц орчин, тохижилт бүхий гудамжийг байгуулахаар холбогдох шийдвэрийг гаргалаа.
Дүүргийн хэмжээнд газрын зөрчил арилгах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбай бүхий 45 байршилд газар чөлөөлөлтийг хийжээ. Эдгээрээс 6 байршлын зөвшөөрөлгүй гарааш нураасан газарт тохижилт, эко хавтан бүхийн явган зам хийхээр Зөвлөлийн хурлаас шийдвэрлэв. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд давс, бодис болон сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх, цэгүүдийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, айл өрхүүдэд тараасан угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг ажил хариуцсан нэгжүүдэд даалгав.
АДМИН








Нийгэм







