Монгол Улсынхаа гал голомт, туурга тусгаар байдлыг бат найдвартайгаар батлан хамгаалж түүхэн сорилт шалгуур бүрийг ялгуусан туг, ялалтын уухайгаар мөнхөлж, баатарлаг тэмцэл, бадрангуй үйлсээрээ дархалсан Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн түүхт 100 жилийн ой өчигдөр тохиолоо.
Түүхт ойн баярын хурал Офицеруудын ордонд зохион байгуулагдсан бөгөөд тус хуралд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр болон Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн үе үеийн удирдлага, хамт олон, ахмадууд оролцлоо.
Ангийн захирагч, хурандаа Ц.Батсайхан “Тус анги нь 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд туурга тусгаар Монгол Улсаа байгуулах, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын ялалтыг авчрах үйл хэрэгт зэвсэг, галт хэрэглэлийн хангалтыг тасралтгүй зохион байгуулах үүргийг амжилттай биелүүлж ирсэн түүхтэй анги юм. Түүхийн энэхүү хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудыг зэвсэглэл, галт хэрэглэл, техник хэрэгслээр тасралтгүй хангах, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, засвар, үйлчилгээ хийх, зэвсгийн бага мэргэжилтэн бэлтгэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ олон улсын болон хоёр талын “Хааны эрэлд”, “Сэлэнгэ” сургууль, “Мэргэн буудагчийн зааг”, “Зэвсгийн мастер” зэрэг тэмцээн, уралдаанд амжилттай оролцон мэдлэг, ур чадвараа сорьж, мэргэжлийн бэлтгэлээ улам дээшлүүлж байна. Ангийнхаа 100 жилийн түүхийг ажил үйлсээрээ бахархалтайгаар бүтээхэд оролцсон хурандаа Б.Ванчигравдан, Ө.Дашхүү, М.Дамдиндорж, Д.Төмөрбаатар, С.Эрдэнэбаатар, Д.Батболд, С.Түвшинбаяр захирагч нартаа болон үе үеийн ахмад дайчид, одоо албаа нэр төртэйгөөр хааж байгаа бие бүрэлдэхүүндээ ойн баярын мэндийг хүргэж эрүүл энх, аж жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн үндсэн илтгэлээрээ баярын хурлыг нээлээ.
Тус анги түүхт ойгоо угтаж 4 жилийн төлөвлөгөөний дагуу олон ажлыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаа “Жишиг ногоон байгууламжтай анги” төслийг амжилттай хэрэгжүүлж, 190 сая төгрөгийн өртөг бүхий хичээлийн байрыг ашиглалтад оруулаад байгаа юм. Мөн ангийнхаа Алдрын тасалгааг шинэчлэн тохижуулах, алба хаагчдын сургалт бэлтгэлийн түвшинг ахиулсан зэрэг олон бүтээлч ажлыг өрнүүлсэн өрнүүн их амжилттайгаар түүхт 100 жилийн ойгоо угтлаа.


АДМИН








Нийгэм







