“Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс өнөөдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх нээлтийн арга хэмжээ зохион байгуулав.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд болон бусад албаны төлөөлөл, хөрөнгө оруулагчид, орон нутгийн удирдлагууд оролцлоо.
17 жилийн турш зогсонги байсан Чөлөөт бүсийг хөгжүүлж идэвхийлэн ажиллаж байгаа шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн, орон нутгаас сонгогдсон эрхэм Улсын Их Хурлын гишүүдэд нутгийн түмэн олноо төлөөлөн аймгийн Засаг дарга О.Батжаргал талархал илэрхийлэв.
Одоогийн байдлаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3, 4 дүгээр хэсэгт цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, автозам, холбоо дохиолол, дулааны станцын барилга байгууламжуудыг барьж байгуулаад байна.
Энэхүү станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг бүхэлд нь хангах боломж бүрдэнэ. Тиймээс дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр аймаг орон нутгийн удирдлагаас онцгойлон анхаарч ажиллаж байна.
Эдийн засгийн чөлөөт бүс ашиглалтад орсоноор улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулахад “Замын-Үүд” чөлөөт бүс чухал үүрэг гүйцэтгэх юм.
Урд хөрш болон Зүүн хойд Азийн Улс орнуудын зах зээлд нэвтрэх, Монгол Улсын гол үндсэн гарц болох, уламжлалт бус үйлдвэрлэлийн чиглэлээр Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж, ажилгүйдлийн түвшинг бууруулах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн шинэ ажлын байрууд бий болох нь Дорноговь аймгийн иргэд төдийгүй Замын-Үүд сумын оршин суугаа иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн амьдралд таатай нөхцөл бүрдэнэ.
Цаашлаад эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд шаардлагатай зам, тээврийн сүлжээ, инженерийн дэд бүтэц тавигдсанаар Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ төрлийн брэндийг бий болгох үндсэн талбар нь Дорноговь аймаг болж, ирээдүйн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
АДМИН








Нийгэм







