Dark Light
Нийгэм | 2021-08-24

Н.Баярмөнх: Баянзүрх дүүрэг хөгжил алслагдсан жилүүдийг ардаа үдэж, хөгжлийн түвшингээр тэргүүлэх зорилт дэвшүүлсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авто замын түгжрэлийг бууруулахын тулд ачаалал ихтэй байдаг олон түвшний давхар замын төслийг хэрэгжүүлэхээр болсон. Ажил хэзээ эхлэх вэ?

Ажил эхэлсэн гэж хэлж болно. Бид тооцоо судалгаагаа гаргасан. Улаанбаатар хотын авто замын сүлжээний даац 320 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай. Харин өнөөдөр дээрх тооноос хэтэрсэн буюу 450 мянга гаруй автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс гадна томоохон зах худалдааны төвүүдийг чиглэх урсгалыг дагаад тухайн бүсэд ачаалал ихтэй байдаг. Тухайлбал Баянзүрх дүүргийн хувьд 13 дугаар хорооллын болон Нарантуул захын уулзварыг нэрлэж болно. Тэгвэл энэ ачааллыг бууруулах үүднээс дүүргийн хоёр байршилд олон түвшний давхар замын төсөл, мөн 12,14-р хороонд нүхэн гарц хийж байна. Эдгээр ажлууд хэрэгжсэнээр замын хөдөлгөөний ачаалал 33 хувиар буурна.

Нийтийн эдэлбэр газар дээр зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгаж эхэлсэн. Зарим нэг ажилтай газар дээр нь танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонссон. Иргэд дэмжиж байна уу энэ ажлыг.

Зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг буулгах асуудал иргэдээс ирж байгаа санал хүсэлт дунд жин дардаг. Тиймдээ ч дүүргийн удирдлагууд нөхцөл байдалтай танилцах үеэр зөв зүйтэй ажил хийж байгааг иргэд хэлж байсан юм. Баянзүрх дүүргийн газрын албанаас зөвшөөрөлгүй байрлах түр гараашуудын судалгааг гаргасан. Үүнээс ач холбогдлоор эрэмбэлээд энэ онд 100 гаруй гараашийг чөлөөлөхөөр болсон. Ингэхдээ шууд буулгах биш, тухайн иргэддээ өмнө нь хэлж, сануулж байгаа. Таны энэ гарааш зөвшөөрөлгүй, хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж байна. Хамгийн гол нь нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой, олон хүн буулгах зөв гэдэг санал гаргасан гэдгийг хэлж, гараашуудыг буулгаж байгаа. Гэхдээ зөвхөн гарааш буулгаснаар энэ ажил дуусахгүй. Газар чөлөөлсөн тухайн бүсэд иргэдийн санал хүсэлтийн дагуу бүтээн байгуулалтын ажил эхлүүлнэ. Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж болон зогсоол байгуулмаар байна уу. Үүнийг иргэд л шийдэх эрхтэй.

Зөвшөөрөлгүй баригдсан хэдэн гарааш байгаа юм. Газрын албанаас судалгаа гаргасан гэж хэллээ

Нийтийн эдэлбэр газар дээр зөвшөөрөлгүй барьсан 1100 гарааш байна. Гэхдээ бид зөвхөн гарааш буулгаагүй. Нийслэлийн өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж байгаа, гол нь зөвшөөрөлгүй баригдсан, газар эзэмших хугацаа нь дууссан хашааг ч буулгаж байна. Нэг жишээ хэлье. 2010 онд таван жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээгээ авсан. Өөрөөр хэлбэл гэрчилгээний хугацаа нь дууссан нэг газрыг чөлөөллөө. Тухайн газарт зөвшөөрөлгүй, стандартын бус нүхэн жорлон барьсан байгаа юм. Гэтэл яг дэргэд нь 48 дугаар сургууль, 22 дугаар цэцэрлэгт олон хүүхдүүд сурч, боловсрол эзэмшиж байна. Иймэрхүү хууль бус үйлдлийн эсрэг, иргэдээ амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхээр иргэдтэйгээ хамтран ажиллаж байна, ажилласаар байх болно.

Манай улс шиг цэвэр усаар машинаа угаадаг орон байхгүй. Усны үнэ бага, зөв зохистой ашиглаж чададгүй зэрэг олон шалтгаанаас үүдэж цэвэр усаа бид зүгээр л асгаж байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд саарал ус ашиглах, технологийг нэвтрүүлэхээр тодорхой ажил зохион байгуулж байгаа гэсэн. Энэ ондоо багтаад Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа бүх авто угаалгын  газрууд технологи нэвтрүүлэх үү.

Маш чухал асуулт байна. Дүүргийн хэмжээнд 48 авто угаалгын газар. Гэтэл үүнээс ердөө 3 газар л саарал усны төхөөрөмжийг ашиглаж байгаа. Эдгээр газрууд цэвэр усны хэрэглээ багасаж сардаа 4-5 тонн ус зарцуулдаг болсон. Сайн туршлагыг бусад газруудад хуваалцаж технологийг нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Баянзүрх дүүрэг хэр бэлтгэл хангасан бэ?

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Баянзүрх дүүрэг Нийслэлийн Засаг дарга, холбогдох дээд шатны байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэл, сургуулийн автобусны оношилгоо, анги дүүргэлтэд онцгой анхаарч ажиллаж байна. Мөн налайхын замд гүүрэн гарц барихаар Нийслэлийн Засаг даргатай ярилцсан Учир нь тус замд өнөөдрийн байдлаар гэрлэн дохио, гарц байдаггүй. Үүнээс болж 11-р хорооны иргэд замын хойд талд байдаг цэцэрлэг, сургуульд явахад аюултай нөхцөл байдал үүсч байгаа. Нэмж хэлэхэд Баянзүрх дүүрэг өдрөөс өдөрт хаяа тэлэн хөгжсөөр байна. Хүн амын тоо өсөхийн хирээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэггүй хэд хэдэн хороод бий. Эдгээр хороодод сургууль цэцэрлэг шинээр барина. Тухайлбал энэ онд гурван сургуульд өргөтгөл барьж, хоёр сургууль, дөрвөн цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

 Ярицлсанд баярлалаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10