Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар тавдугаар багийн нутаг Хүрзэт хэмээх газарт 2021 оны 4 дүгээр сараас эхлэн хууль бус гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн бөөгнөрөл үүсэж, өдөртөө 100-150 гаруй машин, 700-800 орчим иргэд хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байсныг бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу мэргэжлийн байгууллагын 150 гаруй албан хаагч хоёр сарын хугацаанд хууль дүрмийн дагуу 20 гаруй удаагийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагаар ахлуулсан ажлын хэсэг уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэлээ. Нийт таван хэсэг газар буюу 16.7 га газар хөндөгдсөн байсныг “Үрт гоулд” ХХК, “Газрын хүдэр”ХХК-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээсэн бөгөөд төсвийн болон аж ахуйн нэгж, байгууллагаас 24 сая төгрөгийг зарцуулсан байна. Цаашид хууль бус гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд хууль бус үйл ажиллагаа явуулахыг завдсан, явуулсан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагууд, нутгийн иргэд, малчид та бүхэн нэн даруй Сэргэлэн сумын удирдлага болон холбогдох байгууллагад хандах шаардлагатай гэдгийг албаны хүн онцоллоо.
Нийгэм | 2021-08-27
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







