"Өнгө нэм", “Лантуун дохио” ТББ, “Пластик центр” ХХК хамтран “Асуудлаар асуудлыг шийдье” уриатай хаягдал гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах санаачилга гаргажээ. Аяны нээлт маргааш буюу наймдугаар сарын 28-ны бямба гарагийн 11:00-16:00 цагийн хооронд УИД-ийн замын урд талбайд болох юм.
Улаанбаатарын иргэд жилд ойролцоогоор 44 мянган тонн гялгар уутыг хог болгон хаядаг. Үүний ердөө дөрөв хүрэхгүй хувийг дахин боловсруулж, үлдсэн нь байгальд хаягддаг. Тиймээс "Өнгө нэм" ТББ гялгар уут дахин боловсруулах “Пластик центр” ХХК, хүүхэд хамгаалал, хөгжлийн “Лантуун дохио” ТББ-тай хамтран гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг хэрэгжүүлнэ. Аянаар дамжуулан хүүхдэд ээлтэй орчныг бүтээх, олон нийтийг хог хаягдлаа ялган ангилах эерэг дадалд нэгтгэх зорилготой гэдгээ санаачлагчид хэлж байна.
Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба уг аяныг дэмжин, хамтран ажиллаж байгаа юм.
Аян бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, олон нийтэд нээлттэй. Аянд нэгдэхдээ Улаанбаатарын иргэд томоохон дэлгүүрүүдэд байрлуулсан “Зүби” саванд цуглуулсан гялгар уутаа хандивлана. Аж ахуйн нэгж, байгууллагууд гялгар уутыг бусад хогоос тусад нь цуглуулан, аянд нэгдэх боломжтой. Аяны хүрээнд цуглуулсан хаягдлаар нүхэн жорлонгийн доторлогоо үйлдвэрлэнэ гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
АДМИН








Нийгэм




