Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2018 онд Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакийг хүлээн авч уулзахдаа “Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг. Оюу толгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтэй байлгах, төслийн санхүүжилтын зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах шаардлагатай байна.” хэмээн зарчмын шахалт үзүүлж өгөхгүй байсан татварын өрөө авсанаар Рио Тинтог анх удаа буулт хийлгүүлж чадсан билээ.
Өмнөх Засгийн газарт ЗГХЭГ-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноор У.Хүрэлсүхийн Засгийн газрын залгамж халаа болж Оюу толгойн талаарх бодлого шийдвэрүүдийг тууштай хатуу үргэлжлүүлж, шаргуу ажиллаж байгаа тул Рио Тинто буулт хийж, Оюутолгойн гэрээ Монголд ашигтайгаар эргэж эхлээд байна.
Монгол Улсын Ерөнхий сайдад Рио Тинто группээс ирүүлсэн албан захидлын агуулгыг Хууль зүйн сайд Х.Нямбаатар олон нийтэд танилцууллаа. Уг захидалд “Рио Тинто” групп гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан. Үүнтэй холбогдуулж Засгийн газарт “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэг их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой гэсэн байна.
Мөн Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэцээр хийхэд бэлэн байгаагаа дурьдаад, цаашид хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байгааг онцолжээ.
Ийнхүү олон улсын уул уурхайн салбарын том хөрөнгө оруулагч болох Рио Тинтотой хийсэн алдагдалтай гэрээг Монгол улсад ашигтай байдлаар өөрчлөх тухайд Монгол улсын Засгийн газрууд үр дүнтэй ажиллаж байгаа нь төрийн бодлого тогтвортой, төр засгийн удирдлагууд санаа зорилго нэгтэй байхын давуу талыг харуулж байгаа юм.
АДМИН







Нийгэм






