Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж, үйлчилгээг хөгжүүлэх нь (KSTA 9928) техникийн туслалцааны төслийн хүрээнд ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний шинэ загварыг туршин нэвтрүүлэхээр гурван төвийг сонгосон.
ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Төслийн зөвлөх Б.Энхцэцэг, Дархан-Уул аймгийн удирдлага болон Улаанзагалмай нийгэмлэг, Ахмадын хорооны төлөөлөл 2021 оны 08 дугаар сарын 30-нд Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцан цаашид орон нутгийн түвшинд хамтран ажиллах талуудын оролцоотой арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт орон нутгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлого, халамж, эрүүл мэндийн асуудал хариуцсан албан хаагчид, ахмадын хороо, иргэдээс бүрдсэн 20 гаруй төлөөлөл танхим болон цахимаар оролцож санал бодлоо солилцов.
Ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээг нэг төв дангаар гүйцэтгэх боломжгүй тул олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээг нэвтрүүлэхэд онцгой анхаарч орон нутгийн халамж, эрүүл мэнд болон тусламжийн чиглэлээрх бүхий л байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулсан загвар сүлжээг бий болгон ажиллана.
Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв нь 46 өрөө тасалгаатай 4 давхар байртай бөгөөд нэг дор 50-70 ахмад настныг хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай юм. Тус төв нь ахмад настнуудыг сэргээн засах тусламж үйлчилгээнд хамруулахын зэрэгцээ сэтгэл зүйн болон эрүүл идэвхтэй амьдралын хэвшил олгох сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хамруулж, асаргаа тусламжийн үйлчилгээ үзүүлнэ. Үйлчилгээг олон нийтийн оролцоонд түшиглэн зохион байгуулж, ахмад настны хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн үйлчилгээг нэвтрүүлсэн шинэ загвар төв болгохоор зорьж байгаа юм.
АДМИН







Нийгэм






