Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Чингис хотын Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. 11 барилга, байгууламж бүхий хоногт 3000 м.куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, цэвэрлэх байгууламжийг Хэнтий-Ус ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. Одоогийн байдлаар 15 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ сарын 13-ны өдөр нээлтээ хийнэ гэж эх сурвалж мэдээлэв.
“Хэнтий-Ус” ОНӨААТҮГ 20-25 ажилтныг онолын болон танилцуулах сургалтад хамруулан ажиллаж байгаа бөгөөд барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил нэг жилийн хугацаанд хийгдэхээр төлөвлөгдсөн. Иймд энэ хугацаанд байгууллагын инженер техникийн ажилдаа сайтар бэлтгэх, суралцах, цаашид доголдолгүй авч явахад анхаарч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд аймгийн удирдлагууд, Хэнтий-Ус ХХК-ийн захирал Г.Батгэрэлд үүрэг болголоо.
Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч “Комфорт Импэкс” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулан, ажлаа төлөвлөсөн хугацаандаа чанартай сайн гүйцэтгэж, өнөөдөр ийнхүү хүлээлгэн өгч байна.
Аймгийн Засаг дарга өмнө нь Чингис хот олон жил бохирынхоо асуудлыг “гал унтраах” маягаар аргацааж ирсэн бол өнөөдөр “байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөл бүрдлээ” гэв.



АДМИН








Нийгэм







