“Ковид-19” цар тахлын халдварлалт буурахгүй, аль нэг эмнэлгийн байгууллагад PCR шинжилгээ өгөхөд дараалал ихтэй байгаа энэ үед Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, түүний харьяа алба, нэгжийн ажилтнууд хөнгөлөлттэй үнээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах, шинжилгээнд хамрагдах нөхцөл өнөөдрөөс бүрдлээ. Учир нь ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал, Апекс менежмент ХХК-ийн “Сон Медикал Центр Улаанбаатар” эмнэлгийн Гүйцэтгэх захирал Э.Анхбаяр нар хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр үзэглэснээр ажилтнууд “Сон Медикал Центр Улаанбаатар” эмнэлэгт дээрх үйлчилгээнүүдийг авах боломж бүрдээд байгаа юм.
Санамж бичигт тусгагдсанаар коронавируст халдварт өвчний дараах багц шинжилгээ, PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөх үйлчилгээг 20%-ийн хөнгөлөлттэй үнээр үзүүлнэ. Түүнчлэн иргэний нисэхийн салбарын ажилтнуудад зориулсан Эрүүл мэнд, спорт цогцолборын усан сангийн сургалтад хамрагдахад шаардагдах багц шинжилгээ(3 сард 1 удаа)-г хийх, спортын осол, бэртэл авах үед яаралтай анхны тусламж, оношилгоо, эмчилгээний үйлчилгээг газар дээр нь үзүүлэх зэргээр хамтарч ажиллах юм.
“Сон Медикал Центр Улаанбаатар” эмнэлэг нь БНСУ-ын стандарт үйлчилгээтэй бөгөөд тус эмнэлгийн оношилгоо, шинжилгээний хариу нь Солонгост хүлээн зөвшөөрөгддөг гэдгийг Э.Анхбаяр захирал дурдаж байсан. Байгууллагын ажилтнуудад эрүүл мэндийн сургалт, мэдээлэл өгөхөд зориулан эрүүл мэндийн нэгдсэн тайланг гаргаж өгч хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж ч нээлттэй байгаагаа мөн илэрхийллээ.
Иргэний нисэхийн салбарын ажилтнууд нь онцгой чиг үүрэгтэй байгууллагад ажилладгийн хувьд мэргэжлээс шалтгаалах өвчин эмгэгийг эрт илрүүлэх, эмчлүүлэх зэрэгт байгууллагын зүгээс онцгой анхаарч ажиллаж байгаа. Тиймээс энэ чиглэлд хамтран ажиллах болсондоо баяртай байна гэдгийг П.Мөнхжаргал дарга хэлж байв. Мөн цаашид тус эмнэлэг нийт иргэдэд гэмтэл, согогийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор нисдэг тэрэг буух талбайг эмнэлгийн дэргэд байгуулах болвол ИНҮТ-ийн зүгээс мэргэжлийн зөвлөмж өгөх зэргээр хамтран ажиллаж болно гэдгээ хэллээ.
Дашрамд дурдахад, “Сон Медикал Центр Улаанбаатар” эмнэлэг нь коронавирус илрүүлэх PCR шинжилгээний хариуг нэг цагийн дотор гаргадаг болгохоор ажиллаж байгаагийн зэрэгцээ Дельта вирусийг илрүүлэх шинжилгээг хийдэг юм байна.
АДМИН








Нийгэм







