Dark Light
Нийгэм | 2021-09-09

МҮЭ-ийн холбоо: Тогтоолын сөрөг нөлөө ихэсч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, гишүүн байгууллагууд хамтран өнөөдөр /2021.09.09/ Засгийн газрын хоёрдугаар сарын 17-ны 43 дугаар тогтоол буюу төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тогтоолын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа
-Өнөөдрийн ярих асуудал маш тодорхой. Засгийн газрын 43 дугаар тогтоолын сөрөг тал нийгэмд яаж буруугаар үйлчилж байгаа талаар байр сууриа илэрхийлнэ. Хөдөлмөрийн харилцаанд олон өөрчлөлт орж, ажлын ачаалал болон цаг эрс нэмэгдсэн, цалин хөлсний худалдан авах чадвар буурсан, зарим ажил олгогч ковид цар тахлаар далимдуулан хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, бултахыг оролдох явдал гарч байна.
Тухайлбал, Улаанбаатар Төмөр замд сүүлийн өдрүүдэд үргэлжилж байна гэж ойлгож байна. Хамтын гэрээ нэгэнт байгуулсан бол захиргаа биелүүлэх үүрэгтэй. Үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан бол талуудын оролцоотой хамтын гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх замаар хэрэгжүүлэх ёстой. Улаанбаатар Төмөр замын захиргаа хамтын гэрээнд хүлээсэн үүргээсээ дангаар татгалзах, Засгийн газрын тогтоолыг өмнөө барьж хандаж байгаа бол буруу.
Яриа хэлэлцээ хэвийн үргэлжлэхгүй байх нь цаашид нийгмийн түншлэлд үл ойлголцолд хүргэх, хамтын маргаан үүсгэх, ажил хаялтад хүргэх нөхцөл үүсч болзошгүй. Тиймээс энэ асуудлыг нухацтай авч үзэж, зөв хандахыг МҮЭ-ийн холбооноос зориуд сануулж байна гэсэн юм.
Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа
-Улаанбаатар Төмөр зам ХНН, МТЗ-чдын холбооны Хамтын хэлэлцээр өчигдөр эхэлсэн. Төрийн бодлогогүй байдлаас болж цалин хөлсний асуудал шийдэгдэхгүйд хүрлээ. Захиргаа, ҮЭ нэг зорилготой ч Засгийн газрын тогтоол шийдвэрүүд тээг болж байна. Төрийн аливаа ажил хүнд сурталгүй, хууль эрх зүйдээ нийцсэн зөв бодлоготой яваасай гэсэндээ бид мэдээлэл хийж байна.
43 дугаар тогтоолд цалин хөлс нэмэгдүүлэхгүй гэж заасан. Анх захиргааны албан тушаалтнуудад хамааралтай тогтоол гэж гарсан боловч нийт төрийн үйлчилгээний салбарт ажиллаж бүх хүнд хамааруулж байна. Алдаатай тогтоол шийдвэр юунд хүргэж байгааг бид харах ёстой. Баялаг бүтээгчдийн хөдөлмөрийн үнэ цэнийг шударгаар тогтооход сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс энэ тогтоолоо хүчингүй болгох ёстой.
Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл
-Засгийн газрын 43 дугаар тогтоол боловсролын салбарын ажилагчдад механик ачаалал үүсгэж байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сондгойрсон нэг бүлгийг дэвшүүлснээр хүүхдийн тоо нэмэгдэж ажлын ачаалал өсч байгаа юм.
Багш нар зайнаас өдөрт 2-3 удаа хичээл зааж байна. Гэтэл цалин хөлс нь хэвээрээ. Төсвийг 10-аас доошгүй хувиар хэмнэ гэсэн заалт нь хүний хөдөлмөрийг энэхүү тогтоолоор мөлжиж байгаа хэлбэр хэмээн гишүүд үзэж байна. Орон тоо хэмнэх, цалин хөлс нэмэгдүүлэхгүй байх энэ шийдвэрээ хүчингүй болгохыг хүсье.
Шинжлэх ухааны салбарын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан
-Манай салбарынхан цар тахлын нөхцөл байдалд төр засгийн шийдвэрийг биелүүлж, нэрмээс болохгүйг хичээж өдийг хүрлээ. Хэмнэлт гаргах гэж улайрсан нөхцөлд Эрдэм шинжилгээний зардал царцсан.
Төр засаг цар тахлын нөхцөл байдалд зохицож, сайн сөрж ажиллах нь хамгийн зөв хамгаалалт болно гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Цалингийн худалдан авах чадвар байхгүй боллоо. Өдөр хоногийг өнгөрүүлсэн байдалтай байгаад улс орон л хохирно. Тиймээс 43 дугаар тогтоолоо цуцлах ёстой.
Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа
-Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд цар тахалтай тэмцэх ажилд ханцуй шамлан ороод удаж байна. Одоо ч үргэлжилсээр. Ажлын ачаалал нэмэгдэж, өөрсдөө өвдөж эхэлсэн. Ажиллах хүчний хомсдол үүсч байна.
Засгийн газрын 43 дугаар тогтоолын сөрөг нөлөө эрүүл мэндийн салбарт мөн л тусч байгаа. Цалин нэмүүлэх тэмцэл хөдөлгөөний үр дүнг царцааж, орон тоо, цалин хөлс нэмэгдүүлэхгүй байдал үргэлжилбэл тэмцлийн дараагийн шатанд шилжихэд бэлэн байгаа.
Монголын Ажилтан Албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг
-Засгийн газрын 43 дугаар тогтоол Хөдөлмөрийн тухай болон Төрийн албаны хуулийг зөрчсөн. Мэдээж төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах ёстой гэдэгт ҮЭ-үүд санал нэг. Цалин хөлсийг нь салгаж тогтоолоо гаргах хэрэгтэй. Сөрөг нөлөө нь ажлын байрыг хорогдуулах, ажлын ачаалал нэмэгдэх, тэтгэврийн дунджыг тооцоход хохиролтой болох, татвар шимтгэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэмэгдэл нь олон хүмүүсийг ядууралд оруулж байна.
Нийгмийн түншлэгч талууд хэлэлцээрийн ширээний ард сууж энэ асуудлыг шийдэхийг хүсч байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10