Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн шинэ уран бүтээл “Богд хаан” уран сайхны киноны үргэлжлэл болох “Монголын Сүүлчийн Эзэн Хаан” уран сайхны киноны албан ёсны нээлт маргааш буюу 2021.09.09-ны өдөр 18:00 цагаас Богд хааны ордон музейн гадна талбайд болох тул хэвлэл мэдээллийн байгууллагуудад дуулгахад таатай байна.
2011.12.29 өдрийг эргэн санацгаая. Энэ өдөр МУУГЗ кино найруулагч Бямбаагийн Цогтбаяр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан бүтээсэн “Богд хаан” уран сайхны киногоо Тэнгис кино театрт нээж байсан нь саяхан боловч эдүгээ 10 жил өнгөрчээ.
Монгол Улсын Үндэсний Эрх Чөлөөний хувьсгалын 110 жилийн ойн босгон дээр, Монгол Улсын Эзэн Хаан, Олнаа Өргөгдсөн, Наран Гэрэлт, Түмэн Наст, Оройн Чандмань, Очирдара, Наймдугаар Богд Жавзандамба Хутагт, үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэлд алтан амиа үл хайрлан их үйлийг бүтээлцэж, ертөнцөд МОНГОЛ хэмээх тусгаар улсаа тунхагласан эх оронч дээдсийн тухай өгүүлсэн “МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН” уран сайхны киног, ийнхүү түмэн олноо толилуулахад бэлэн болоод байна.
Киноны гол дүрд Богд хааны дүрийг жүжигчин Чойнболын Болд, эх дагина Дондогдуламын дүрд жүжигчин Батсумъяа нар тоглолоо.
Монгол улсын үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлан удирдсан эх орончдын түүхэн үүргийг тодотгож, Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын амьдрал тэмцэл болон Монгол улсын түүхийн талаар үнэн зөвөөр харуулсан дэлгэцийн бүтээл, бүрэн хэмжээний уран сайхны 2 ангит бүтээл албан ёсоор нээж байна.
Киноны гол уран бүтээлчээр Ерөнхий найруулагч МУ-ын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, кино найруулагч Бямбаагийн Цогтбаяр, Зохиогч МУСГЗ Төрийн шагналт Дамбын Төрбөт, Хөгжмийн зохиолч МУАЖ, Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Нацагийн Жанцанноров нар ажиллалаа.
Монголын Сүүлчийн Эзэн Хаан уран сайхны кинонд зориулан МУТШ, МУСГЗ Д. Төрбатын үг, МУХБ, МУТШ, АЖ. Н. Жанцанноровын ая “ЗАХИАС” дууг МУГЖ, Чингис хаан одонт дуучин Ганбаатарын Ариунбаатар дуулсныг дуулгахад таатай байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН АКАДЕМИ
АДМИН








Нийгэм






