Хятад болон Энэтхэг улс газрын тосны импортын хэмжээгээ нэмэгдүүлж, газрын тосны зах зээлд томоохон дэмжлэг үзүүлээд байна.
Хятад улсын түүхий газрын тосны импорт 2021 оны 8 дугаар сард өдөрт дунджаар 10.49 сая баррель байсан нь өмнөх буюу 7 дугаар сарын түвшнээс 8 хувиар өссөн болохыг Ройтерс агентлаг тооцоолон мэдээллээ. Гэсэн хэдий ч 2021 оны 8 дугаар сарын энэ үзүүлэлт нь өнгөрсөн 2020 оны мөн үеийн импортын дундаж хэмжээнээс доогуур байна. Энэ нь Хятадын бие даасан боловсруулах үйлдвэрүүдийн худалдан авалт буурсантай холбоотой бөгөөд 8 дугаар сард үйлдвэрлэлтийг өдөрт 4.3 сая баррель хүртэл бууруулсан нь сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн доод үзүүлэлт болсон юм. Наймдугаар сарын өмнөх саруудтай харьцуулахад гарсан өсөлт нь импортын квот нэмэгдсэнтэй холбоотой байв.
Энэтхэг улсын хувьд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нэн хүнд байсны дараа зуны улирлын дунд үеэс эхлэн импорт хурдацтай сэргэсэн байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр Энэтхэг улсад 2021 оны 7 дугаар сард 2020 оны мөн үетэй харьцуулахад жижиг суудлын автомашины борлуулалт 45 хувиар өссөн байна. Энэ нь иргэд хувийн халдвар хамгааллын дэглэмээ сахихын тулд нийтийн тээврээс татгалзаж, хувийн унаагаар зорчих болсныг харуулж байна. Энэ нь автобензиний эрэлт, хэрэгцээг ихээр нэмэгдүүлж байна.
Хятад, Энэтхэг улсуудад газрын тосны нийлүүлэлтээр тэргүүлэгч Саудын Араб Азийн худалдан авагчдын газрын тосны үнийг бууруулсан нь энэ сард ч бүс нутгийн эрэлт, хэрэгцээг өндөр байлгах болно.
АДМИН








Нийгэм







