Өнөөдөр тус төвийн бүтэн жил гаруй хугацаанд засварлан шинэчилсэн эрчимт эмчилгээ, хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн нээлтийн арга хэмжээ болж УИХ-ын эрхэм гишүүн Ж.Чинбүрэн, ЭМ-ийн сайд Н.Энхболд, МУ-ын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Наран ижий заяа ТББ-ын захирал, хавдрын даван туулагч Ш.Ариунаа, БГД-ийн ЭМТ-ийн дарга З.Балдандугар, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд нарын зочид уригдан оролцлоо.
Арга хэмжээн дээр засварын хугацаанд тус төвийн ерөнхий мэс засал, эмэгтэйчүүдийн мэс заслын тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад байр, нөхцөл боломжоор дэмжин өөрсдийн эмнэлэгт тухай тасгуудыг байршуулан ажиллаж тусалж ирсэн БГД-ийн ЭМТ-ийн дарга З.Балдандугар, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд болон эрчимт эмчилгээний тасгийн эмч нарын өрөөг өөрсдийн хөрөнгөөр тавилгажуулан тохижуулсан, эрчимт эмчилгээний тасгийг үүсгэн байгуулагчдын нэг, тус тасгийн анхны эрхлэгч асан Ч.Нанзадын гэр бүлийг төлөөлөн түүний охин, эрчимт эмчилгээний эмч Н. Оюунчимэг нарт талархал илэрхийлэн өргөмжлөл гардууллаа.
1961 онд Цацраг туяа эмнэлэг анх байгуулагдснаар Монгол улсад хавдар судлалын алба үүсэн хөгжиж энэ онд 60 жилийн ой тохиож байна. Тус эмнэлэг нь 1982 онд тухайн үеийн ЗХУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан шинэ цогцолбор болох одоогийн энэ байрандаа нүүж орсноор хавдар судлалын төв болон үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн билээ. Тэр үед байгуулагдсан хагалгааны 2 ортой мэс заслын өрөөг дундуур нь тусгаарлан 4 ортой болгон өргөжүүлсэн энэ хэсэгт хавдрын бүх төрлийн мэс заслуудаас эхлээд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хүртэлх том хэмжээний хагалгаа хийж байсан эдгээр өрөөнүүдийн зохион байгуулалт, багтаамж, тоног төхөөрөмж, тоноглолт гээд бүхлээрээ элэгдэн хуучирч өнөөгийн шаардлагыг хангахгүй хоцрогдсон нь тус төвийн гол тулгамдсан асуудлуудын нэг болсоор өнөөг хүрсэн юм.
Харин өнөөдөр тус төв нь ХСҮТ-ийн үе үеийн удирдлагуудын хичээл зүтгэл, зөв шийдвэр, ЭМЯ, төр засгийн дэмжлэгтэйгээр 1982 оноос хойш анх удаа иж бүрэн шинэчлэн засварлагдаж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, ламинар урсгал бүхий дэлхийн жишигт нийцсэн, бүрэн вакуумжсан 6 хагалгааны өрөө, 6 ортой сэрээх өрөө бүхий хагалгаа, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасаг, 9 ор бүхий эрчимт эмчилгээний тасагтай боллоо.
ХСҮТ нь жилд дунджаар ерөнхий унтуулгатай 3500 гаруй хавдрын хагалгааг хийдэг байсан бол Хагалгаа мэдээгүйжүүлгийн тасгийг бүрэн шинэчилж нийтдээ хагалгааны 8 өрөөтэй болсоноор мэс засал эмчилгээг хийх боломж өнөөгийнхөөс 2 дахин нэмэгдэж, жилдээ 6200 хүнд үйлчлэх хүчин чадалтай болж байна.
Энэхүү энэ томоохон бүтээн байгуулалтын ажил нь Монгол улсад хавдрын мэс заслын хөгжлийг хурдасгах, шинэ дэвшилтэт технологиудыг нутагшуулах, хагалгааны нэр төрлийг олшруулах, хавдрын мэс заслын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийг бууруулахад чухал нөлөөтэй билээ.








АДМИН








Нийгэм







