Өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "УИХ-ын чуулганыг нэн даруй хуралдуулж, үүссэн нөхцөл байдлыг яаралтай авч хэлэлцэх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мөн шаардлага хүргүүлнэ. Одоогийн засгийн газрын буруутай үйл явдлуудаас болж өнөөдрийн нөхцөл байдал үүслээ.
Сонгуулиар, уул овоо тахих нэрийдлээр халдварын орон нутагт тараасан нь үнэн. Ард түмнээс уучлалт гуйх ёстой. Өнөөдөр гэхэд 300 гаруй мянган хүн халдвар авч, 1,000 гаруй хүн нас барлаа. Вакцинжуулалтын үйл явц зохион байгуулалтгүй байсан. Манайх малын вакцинаа хүртэл урд хөршөөсөө авдаг. Энэ янзаараа байвал махаа ч экспортлож чадахгүйд хүрэх нь.
Монгол Улс тэр чигтээ бензингүй болсон энэ цагт гадаадын улс орноор зугаалах эрх байхгүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд ийм нөхцөл байдал үүсэж байгаагүй. Асуудал үүссэн ч шийддэг байв. Төрийн гурван өндөрлөг одоо үүсээд байгаа нөхцөлийг шийдвэрлээд явах ёстой хүмүүс. Бид Ерөнхий сайдад хариуцлагаа хүлээх шаардлагыг хүргүүлнэ. Эрх баригчдаас хариуцлага нэхсэн байдлаар бид ажиллана" гэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Монгол Улсын эдийн засаг, эрүүл мэндийн нөхцөл байдал хүнд үе дээр ирсэн. Ард түмэн нь ядарч, аж ахуйн нэгжүүд хаалгаа бариад хэдийн эхэлсэн. Цар тахал гээд дэлхий нийтээрээ хүнд байдалд байхгүй байна. Урд хөрш гэхэд эдийн засаг нь нэг их наяд төгрөгийн өсөлт үзүүлээд эхэлсэн. Ковидын асуудлыг бусад орнууд шийдвэрлээд зохицуулалтаа зөв зохистойгоор хийсээр байна.
Эрх баригчдад ямар нэгэн эрх мэдэл дутсан билүү. Эрх баригч намынхан зөвхөн өнөөдрөөр амьдарч, сэтгэж, аливаа асуудалд хандаж байна, маргаашаа огт бодохгүй байна. Ашиг хонжоог Сонгуульд улс орны ирээдүйг ч золиослоод хамаагүй ялалт байгуулахыг зорьдог нам. Шатахуун бол олон асуудлын нэг илрэл. Үүний цаана тэсрэхэд бэлэн олон асуудал бий. Тиймээс эрх баригчид бодлогын алдаагаа засах ёстой" гэлээ.
Ардчилсан намын бүлгийн гишүүн Д.Пүрэвдорж "Эрх баригчид ард иргэдийн амьдралыг уруудуулж, цар тахлын ашиглан хулгай хийж байна. Шатахууны хомсдолд оруулж байна. Энэ улс эх оронг доройтуулж дуусч байна. "Одоо боллоо" уриатайгаар Сүхбаатарын талбайд цугларч жагсаал хийхийг уриалж байна" гэв.
Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир "Бидний өгсөн шаардлагыг хүлээн авч, аравдугаар сарын 1-н гэхэд хариу өгөхгүй бол Засгийн газрыг огцруулах бүх нийтийн эсэргүүцэл тэмцлийг улс орон даяар эхлүүлнэ гэдгийг анхааруулж байна.
Жагсаал цуглаан хийх эрхийг хууль хүчний байгууллагыг ашиглан удаа дараа таслан зогсоох явдлыг АН тэвчихгүй бөгөөд ямар ч үед ямар ч аргаар иргэдийн эрхийг хамгаалахаа үүгээр мэдэгдэж байна" гэв.
АДМИН








Нийгэм




