Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МҮЭ-ийн холбоо, түүний гишүүн байгууллагууд хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч ХНХЯ-ны ТНБД Г.Өнөрбаяр, Хуулийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, НДЕГ-ын БХСГ-ын дарга Ц.Ганцэцэг нартай өнөөдөр буюу /2021.09.23/ цахимаар санал солилцож, мэдээлэл авлаа.
ХНХЯ-ны ТНБД Г.Өнөрбаяр Нийгмийн даатгалын багц хуулийн үндэслэл, үзэл баримтлал, гол өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Нийгмийн даатгалын багц хуулиудыг өөрчлөх шаардлага тулгарч байгаа бөгөөд Алсын хараа 2050, төрөөс нийгмийн даатгалын талаар баримтлах бодлого зэрэг баримт бичгүүдээс гадна өнөөгийн нийгмийн даатгалын тогтолцоо нөхцөл байдлаар удаан явахад хүндрэлтэй байгаа. Иймд бид нийгмийн түнш талууд болон олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа.
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч, Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат, ажлын хэсгийн гишүүд орон нутаг, салбарын ҮЭХолбоодын зүгээс дараах санал байр сууриудыг илэрхийлж тодруулга асуулт хариулт авсан байна.
-Нийгмийн даатгалын хуульд олон жил шийдэл хүлээсэн шинэчилж, өөрчлөх шаардлагатай олон асуудал бий. МҮЭ-ийн холбоо уг хуулийн асуудалд нийгмийн түншлэгч байгууллагын хувьд тодорхой байр суурьтай оролцоно. Ялангуяа МҮЭ-ийн холбоонд ирж буй санал шаардлагууд дунд тэтгэврийг өвлүүлэх, үр өгөөжийг сайжруулах, тэтгэвэр тогтоох аргачлал итгэлцүүр, сангуудын засаглалыг сайжруулах зэрэг нийтлэг саналыг даатгуулагчдад аль болох өгөөжтэй болгох зарчмын саналтай байна.
ХНХЯ-наас танилцуулсан зарим тоон мэдээллийг бид сонслоо. Дундаж наслалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэсэн статистикийг эргэн харах ёстой. Хэдийгээр дундаж наслалт нэмэгдсэн гэх тооцоолол гарч байгаа ч нийт тэтгэврийн даатгуулагчдын эрэгтэйчүүдийн 50 хувь, эмэгтэйчүүдийн 25 хувь нь тэтгэврээ авч чадалгүй мөнх бусыг үзүүлж байна. Хөдөлмөрийн нөхцөлийг цаашид ч сайжруулах хүнд нөхцөлийг огт байхгүй болгож болохгүй.
Улс төрчид янз бүрийн алдаатай хууль гаргадаг. Жишээлбэл, ажилласан жил нөхөн төлөх хуулийг 2 удаа ч гаргасан нь хэт хавтгайрсан, НД-ын сангийн хөрөнгийг эрсдэлтэй банкинд байршуулж, санаатай хуйвалдан алдсан.
Иймд тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, тэтгэврийн санг алдагдалд оруулж байгаа хууль, дүрэм, журмыг шинэчлэн найруулах, засч сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ хүрээнд нийгмийн түншлэлийн зарчмаар бид хамтран ажиллах санал хүсэлтээ хуваалцаж, дараа дараагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах болно. Шинэчилсэн хуулийн төсөлд даатгуулагч тэтгэвэр тогтоолгохдоо нийт ажилласан жилийн дунджаас дараалсан 5 жилийг 7 жил болгож буй тоон аргачлал нь буруу юм. НД-ын санд оруулсан хувь нэмэр нь бага атлаа сүүлийн жилүүдийн шимтгэлээ өндрөөр төлж, хэт өндөр тэтгэвэр тогтоолгон “том шанага”-дсан олон мянган хүн байна. Үүнийг хуулиар зохицуулна гэдэг та бүхний санааг ойлгож байна. Хоол унаа гэх мэт зардлуудаас НДШ авахаа болих хэрэгтэй.
ҮЭ-ийн зүгээс НД-ын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцдэг нь нийгмийн зөвшлөөр бус Засгийн газар дангаараа шийдэхгүй, цаашдаа ч ийм байж болохгүй гээд нийт иргэд, ажилтнуудад тэгш, хүртээмжтэй хууль батлахад зарим тооцоолол, саналуудад хамтарч ажиллахад бэлэн байна" гэсэн юм.
Уг уулзалт зөвлөгөөнөөр даатгалын гол тал болох ажилчид даатгуулагчдын санал байр суурийг төр зөв ирээдүйтэй үр өгөөжтэй хуульчлах нь чухал дараа дараагийн өргөтгөсөн хэлэлцүүлэгүүдэд илүү тодорхой асуудлуудыг дахин хэлэлцэж Засгийн газар, УИХ-д МҮЭ-ийн холбооноос саналаа нэгтгэн хүргүүлж хамтран ажиллахаар боллоо.
АДМИН








Нийгэм







