УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар Батширээт сумын 2021 оны хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, сум орон нутгийн удирдлагуудын санал хүсэлт, шаардлагатай төсөвтэй холбоотой зарим асуудлаар хэлэлцлээ.
Тус суманд улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 суудалтай Соёлын төв, сумын төвөөс зүүн хойш 3 км-т 6,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдаж буй 209 метр урттай Онон голын төмөр бетон гүүр, 100 ортой сургуулийн дотуур байрны барилга, 10 ортой, хоёр давхар, эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажлууд үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажлуудыг 2022 оны 7-р сард хүлээлгэж өгөх гэрээтэй аж. Сумын Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, сургуулийн дотуур байрыг “Винтер гарден” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд олон тендер авч ажил цалгардуулсан, хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй зэрэг шүүмжлэлд өртөж, ажлаа шуурхай гүйцэтгэхийг УИХ-ын гишүүний зүгээс компанийн удирдлагуудад хатуу анхаарууллаа. Үүнчлэн Ковид-19 цар тахлын өвчлөл, барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалсан төсвийг ирэх оны орон нутгийн төсөвт санал оруулсан, Сум орон нутаг, Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, автоклавыг шийдвэрлэснийг Засаг даргын зүгээс мэдээллээ.
Батширээт сумын Онон гол дээрх хуучин модон гүүр нь шар усны үер болон цөн түрэлтэнд эвдэрч голын хойд талд амьдардаг хүмүүс сумын төвөөс тусгаарлагдаад байсан бол 2021 оны долдугаар сараас эхлэн 209 метр урттай төмөр бетон гүүрийн ажлыг “Тэргүүн саруул зам” ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр энэ оны долдугаар сараас эхлэн гүйцэтгэж эхэллээ. Гүүрний ажлын явц 15 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх оны 7 дугаар сард хүлээлгэж өгөх аж. Өнөөдөр УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг гүүрний барилгын ажилтай газар дээр нь танилцаж, гүүрнээс цааших намаг бүхий 800 метр газар далан, усны салаанд жижиг гарц, гүүр барих асуудлыг дэвшүүлж, улсын төсөвт санал илгээхээ мэдээллээ.
АДМИН








Нийгэм







