Dark Light
Нийгэм | 2021-09-29

“Монголд үйлдвэрлэсэн гэх автобусыг зохиосон хүмүүс 1.8 тэрбум төгрөг нэхэмжилсэн”

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган “Зорчигч тээвэр III  болон Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-т санхүүгийн хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан.

Уг ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбат ажилласан. Тус ажлын хэсэг “Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар”-тай хамтран хяналт, шалгалтын дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний саналаа өчигдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.

“Зорчигч тээвэр III  болон Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ нь нийслэлийн нийтийн тээврийн салбарын ачааллын 40 орчим хувийг үүрдэг бөгөөд цалин, НДШ-ийн зардал, автобусны урсгал засвар, монголд  үйлдвэрлэсэн автобусны зохиогчийн эрхийн төлбөр, тэдгээрийн эвдрэл, валютын ханшийн өсөлтөөс үүдэлтэй шатахууны зардлын өсөлт болон зарим худалдан авалтын зөрчлийн улмаас багагүй алдагдалтай ажиллаж байгааг ажлын хэсэг ахлагч М.Халиунбат танилцууллаа.

Энэ талаар тэрээр “Дээрх хоёр компани урсгал зардал нь хүрэлцээгүйн улмаас байнгын алдагдалтай ажиллаж, машин цагийн зардлаа урьдчилан авч, үйл ажиллагаа явуулах буруу циклд орсон байгаа нь шалгалтын явцад илэрсэн. Цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл илүү их эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс тус хоёр байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд өр төлбөрийн асуудлыг шийдэж, буруу циклийг зогсоох хэрэгтэй гэж ажлын хэсэг дүгнэсэн. Монголд үйлдвэрлэсэн гэх автобусыг зохиосон хүмүүс тус байгууллагад ажиллаж байсан атлаа зохиогчийн эрхийн төлбөрт 1.8 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Тус автобуснууд нь БНСУ-аас оруулж ирсэн автобуснуудаас нэг дахин өндөр зардалтай. Сэлбэг хэрэгслийг бүртгэл нь байхгүй” гэсэн юм. Харин “Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар”-ын дарга М.Баяраа эхний ээлжид шатахууны хуримтлагдсан өр төлбөрийг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж, үе шаттай барагдуулах шаардлагатайг онцоллоо.

Тэргүүлэгчид танилцуулгыг сонсоод дээрх хоёр байгууллагын зарим өрийг барагдуулах талаар тогтоол баталж, холбогдох албанд үүрэг өгсөн юм. Мөн тулгамдаж буй асуудлуудыг эцэслэн шийдэх нь зүйтэй гээд ажлын хэсгийн ажиллах хугацааг сунгалаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10