Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд таван бүлэг, 21 дэд бүлгийн 719 төсөл, арга хэмжээ төлөвлөснөөс одоогийн байдлаар 66.2 хувийн биелэлттэй байгааг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцууллаа.
Газрын менежменттэй холбоотой төлөвлөгөөт ажлын биелэлт 77.1 хувь, газар зохион байгуулалтын ажил 70 хувь, нөхөх олговор, газар чөлөөлөлт 90 хувийн биелэлттэй байгаа бол хот байгуулалтын ажлын биелэлт 50 хувь, газрын төлбөрийн 44 хувийг төвлөрүүлжээ. Энэ жилийн хувьд зөвшөөрөлгүй барьсан гарааш, чингэлгийг буулгаж газар чөлөөлөх, нийтийн эзэмшлийн орц, гарцыг нээх, инженерийн шугам сүлжээнд зөвшөөрөлгүй барьж байгуулсан объектыг чөлөөлөх зэрэг ажлуудыг урьд жилүүдээс илүү идэвхтэй хийж хэрэгжүүлсэн. Нийслэлийн иргэдэд амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж олгох, ногоон байгууламжийг хамгаалах хүрээнд сүүлийн 2-3 жилд 91 байршилд 197 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн. Энэ онд 20 байршлыг нэмж нийтийн эзэмшлийн газраар бүртгүүлсэн гэдгийг онцоллоо.
Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын асуудал болоод нийслэл хотод иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэр газрын хэмжээ, байршлыг нэмэгдүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлыг шинээр нэмэх, газрын зөрчил арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж батлан НИТХ-ын тогтоол гаргалаа.
АДМИН








Нийгэм






