Улс орны эдийн засагт хувь нэмэр болохуйц төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эхлүүлэн, үргэлжлүүлэх, тасалдуулахгүй явуулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар анхааран ажиллаж байгаа юм. Уг ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан /2021.10.05/ “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчид болон Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах судалгааны багийн гишүүд болох БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Ц.Баярбат, Барилгын хөгжлийн төвийн дэд дарга О.Одбаяр нарыг хүлээн авч уулзан, чөлөөт бүсийн ажлын явцын талаарх тайлан мэдээллийг сонсон, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны тухай санал солилцон, үүрэг даалгавар өглөө.
Уулзалтын эхэнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул мэдээлэл хүргэв. Тэрбээр “Замын-Үүд” чөлөөт бүс олон жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлүүлэхээр хүлээгдэж байсан бол өнгөрсөн 07 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар орж байнгын үйл ажиллагааг нь эхлүүлэх шийдвэр гарч, тус шийдвэрийн дагуу 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бүс байнгын үйл ажиллагаанд шилжсэн. Мөн Замын-Үүд суманд 2015 онд баригдаж ашиглалтанд орсон ч үйл ажиллагааг явуулалгүй 6 жил болсон, үүний улмаас тохиргоо засварын зардлыг шийдвэрлэх шаардлагатай болсон Дулааны станцитай холбогдох 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Шадар сайд санаачлан Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлэсний дагуу тус станци 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа хэвийн явуулж, өнөөдрийн байдлаар Замын-Үүд сумыг дулаанаар хангаж эхэлсэн байна. Бүсийн хамгаалалтын хашаа 2021 оны 11 сард багтан баригдаж дуусах бол 2022 оны 02 дугаар улиралд багтаан чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн дэд өртөөг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн байна. Цаашид 11 сард багтаан “Замын-Үүд” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хэсэгчилсэн төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанаар оруулан батлуулах, УИХ-ын намрын чуулганаар “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах” тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байгаа талаараа онцоллоо. Ингэснээр “Замын-Үүд” чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагаа идэвхжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж, Замын-Үүд хилийн боомтод үүсээд буй тээвэр, ложистикийн асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Уулзалтын төгсгөлд Шадар сайдын зүгээс чөлөөт бүсийн Захирагч нарт хандан “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимтэй явуулах талаар байнга анхааран ажиллаж байгаагаа илэрхийлэн, “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын чуулганаар батлуулах гэж буйтай холбогдуулан саналаа нэгтгэн нэмэлтээр тусгаж оруулах, зохион байгуулалтын төлөвлөлтөө нарийн тооцоо судалгаанд үндэслэн гаргах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахыг санууллаа.
АДМИН








Нийгэм






