Дарханд өнөөдрийн байдлаар ковид 19-ийн халдвартай 39 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна.
Сүүлийн 7 хоногт манай аймагт 2 жирэмсэн эх коронавируст халдварын хүндрэлээр эндсэн. Тэд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй байсан гэж ЭМГ-аас мэдээллээ.
Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэл харьцангуй өндөр байгаа тул аль болох ойрын боломжтой хугацаандаа вакцин хийлгэхийг эмч мэргэжилтнүүдээс уриалсан юм.
Мөн жирэмсэн эхчүүд “Ковид-19" халдвараас сэргийлэхийн тулд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гараа угаах, амны хаалт зүүх, олон нийтийн газраар аль болох явахгүй байх, зай барих, найз нөхөд, ах дүүтэйгээ утас болон цахим сүлжээгээр холбогдох, найз нөхдөө гэртээ урихгүй байх, өвчтэй хүмүүсээс аль болох хол байх, ажил олгогч нар жирэмсэн эмэгтэйчүүдэд гэрээсээ ажиллах боломж олгохыг анхаарууллаа.
Аймгийн Онцгой комиссоос аймгийн хэмжээнд байгаа нийт жирэмсэн эхчүүдийг коронавируст халдварын урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамруулж, эрүүл мэндийн хяналтыг сайтар тавьж ажиллахыг аймгийн ЭМГ-т чиглэл болгов.
Ковидыг эмчилж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлэгт ковидоор өвдсөн нийт 40 гаруй жирэмсэн эхийг өөрөөр нь болон хагалгаагаар төрүүлжээ.
Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар өрх, сумдын эрүүл мэндийн төвд жирэмсний хяналтад 1200 гаруй эх байна.
АДМИН








Нийгэм






