1724 онд байгуулагдсан Оросын анхны их сургууль Санкт-Петербургийн Улсын их сургуульд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 10 дугаар сарын 12-ний өдөр тус сургуулийн Петровский танхимд боллоо. 2024 онд Санкт-Петербургийн Улсын их сургуулийн 300 жилийн ой тохиох юм.
1950-иад оноос хойш Санкт-Петербургийн Улсын их сургуульд нийтдээ 250 орчим монгол иргэн бакалавр, магистр, дэд эрдэмтэн болон докторын зэргээр суралцаж, өндөр боловсрол эзэмшин янз бүрийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар байна. Европ дахь монгол судлалын хүлээн зөвшөөрөгдсөн төв-Санкт-Петербургийн Улсын их сургуулийг Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоор ийнхүү монгол төрийн дээд шагналаар шагналаа.
Уг сургуулийг төгссөн Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нар мэндчилгээ илгээснийг сонордуулж, сургуулийн Монгол хэлний тэнхимийн номын санд илгээсэн номуудыг хүлээлгэн өглөө.
Санкт-Петербургийн Улсын их сургуулийн ректор Н.М.Кропачев хариу талархал дэвшүүлж, Монгол Улс, тус сургуулийн хоорондын бүтээлч хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
АДМИН








Нийгэм







