Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны дарга Д.Баярсайхан Дэлхийн банкны Монгол Улсын санхүүгийн салбарын асуудал хариуцсан ахлах шинжээч Тиласони Бенжамин Мусукуг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Дэлхийн банк нь Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд шаардлагатай санхүүгийн дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлж ирсэн бөгөөд хамтын ажиллагааны 30 жилийн түүхэнд Монгол орны хөгжлийн гол түнш байсаар ирсэн. Дэлхийн банкнаас олгосон дэмжлэгүүд салбарын өсөлтийг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахад түлхэц болсоор ирсэн. Тухайлбал, банкны санхүүжилтээр Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран Монгол Улсын төсвийн орлогыг үр ашигтай удирдах чадавхийг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийг 2014-2017 онд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд үүний үргэлжлэл “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг одоо хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд санхүүгийн зах зээлийн хууль эрх зүй, зохицуулалтын орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж олон үр дүнд хүрсэн” гэдгийг онцолсон юм.
Хоёр тал энэ үеэр одоо хэрэгжиж байгаа зарим төслийн хэрэгжилт, үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тухайлбал, төслийн хүрээнд СЗХ-ны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, даатгалын багц хуулийн төсөл, Хамтын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулж санхүүгийн салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах цогц ажлыг хэрэгжүүлж байна. Мөн салбарын хэмжээнд мөнгө угаах, терроризмын санхүүжилтийн эрсдэлийн үнэлгээг анх удаа хийлээ.
Цаашид санхүүгийн салбарт ногоон санхүүжилтийн бодлого хэрэгжүүлэх, крипто валютын зохицуулалтын орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, тэр дундаа байгууллагын хэлбэрийн хөрөнгө оруулагчдыг хөгжүүлэх чиглэлээр суурь судалгаа хийх, судалгаандаа тулгуурласан хөгжлийн стратегийн зөвлөмж боловсруулах чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцлоо.
АДМИН








Нийгэм







